Monday, November 3, 2008

Салхинд туугдсан хамхуул мэт амьдарч болохгүй

Эрхэм залуус аа! Салхинд туугдсан хамхуул мэт амьдарч, сайхан биеэ зөнд нь орхин, гаргуунд нь хаяж яавч болохгүй ээ. 19-р зуунд амьдарч туурвиж байсан хуульч хэмээх Сандаг найрагчийн салхинд хийссэн хамхуулын тухай шүлгийг дунд сургуульд сурч байхад бидэнд цээжлүүлдэг байж билээ. Өрнөх амьдралаа өөрийн ухаанаар залж жолоодож чадахгүй, салан задгай явж салхинд туугдсан хамхуул шиг дэгдэн хийсч байдаг болчих вий гэж сэрэмжлүүлэн, болгоомжлуулсан багш нарын маань хүмүүжүүлэх мэргэн ухаан энэ шүлгийг бидэнд цээжлүүлдэг байж. Хуульч Сандагийн уг шүлэгэнд "Нүүхийг салхи мэднэ, буухыг бут мэднэ. Энэхэн бие минь эндэгнэж дэндэгнэж л явна. Эцэст нь эрэгний мухарт хэвтэж, элс сөлөнд хутгагдаж, эрх багачуудын наадам, ишиг хурганы тоглоом болов" гэсэн мөр бий. Харамсалтай нь амьдралын тодорхой зорилгогүйгээр бор хоног, шар өдрийг өнгөрөөж "нүүхийг нь салхи мэдэж, буухыг нь бут мэдэх" мэт яваа залуус олон байна. Энэхэн бие нь эндэгнэж дэндэгнэж яваа нь бүр ч олон байна. Амьдралынх нь гал дөл нь бөхчихсөн, газар шагайж, санаа алдсан хүмүүс хаа сайгүй сүлжилдэн хөлхөлдөнө. Тэд өдөр хоногийг яая дээ л гэж нэг юм өнгөрөөнө. Амьдралынх нь цог заль, сүр сүлд нь доройтжээ. Аливаа юманд баярлана гэж байхгүй. Мөнхөд сэтгэл дундуур. Гутлынхаа хоншоорыг ширтэж, урвайж унжийн, хаана алхаж яваагаа ч сөхөөрөхгүй шахам болжээ. Гутранги үзэлд баригдан хүлэгджээ. Гэрэлт ирээдүйн тухай гэгээн мөрөөдөл, өөдрөг сэтгэл нь шавхагдсан мэт. Залуу хүн ийм байж хэрхэвч болохгүй ээ. Ийм байдлаа зугатаж болохгүй, тэрсэлдэж болохгүй тавилан мэтээр бодон төсөөлж, хувь заяатайгаа эвлэрэх нунж дорой байдлаар хандаж яавч таарахгүй ээ. Хэрэв энэ байдлаараа яваад байвал "эцэст нь эрэгний мухарт хэвтэж, элс сөлөнд хутгагдаж, эрх багачуудын наадам, ишиг хурганы тоглоом болох" хамхуулын хувь заяанаас юуны өөр байх билээ? Хамхуул хувь заяагаа салхинд даатгадагийн адилаар омголон залуу насандаа цаасан дарцаг шиг зүг чиггүй хийсч, завхарсан амьдрал дунд өөрийгөө үрэн таран хийвэл хожмын өдөр харамсаад ч барахгүй гуниг зовлон тээнэ.

Залуу хүн чи юуны өмнө гутранги үзлээс салж, өөдрөг үзлийг тархи толгойдоо бат шингээ. "Жинхэнэ өөдрөг үзэл нь бүх зүйл сайн болно гэсэн итгэл үнэмшил дээр бус, бүх зүйл муу болохгүй гэсэн итгэл үнэмшил дээр л суурилдаг"-ийг мэдэж ав. Амжилтанд хүрсэн бүх хүмүүс өөдрөг үзэлтэн байсан. Тэд өөдрөг үзлийг үнэт эрдэнэ мэт үзэн, салж хагацахгүй түүнтэй нөхөрлөсөөр амжилтын оргил өөд мацсан. Өөдрөг үзэл чамаас салан одвол үйлс заяа чинь уулын оройгоос бэл рүү өнхрөх чулуу мэт уруудан, улмаар доройтно. "Өөдрөг үзэлтэн бол хэзээ ч зовлон үзэж байгаагүй хүн бус харин цөхрөлийг туулж, түүнийг ялсан тэр хүн байдаг" юм. Өөрийн амьдралын замыг өөрөө бүтээ. Энэ хорвоод харагдаж байгаа замаас харагдахгүй байгаа зам нь олон байна. Харагдахгүй байгаа тэр замыг хайж эрж ол. Харагдахгүй байгаа замаар явж, зорьсон зорилгодоо хүрч, хүсэл мөрөөдлөө биелүүлж чадна гэдэгт бат итгэлтэй бол. Ингэж байж өөрийн гэсэн замыг өөрөө бүтээх сэтгэлийн тэнхээ, итгэлийн хат суун хуримтлагдана. Тэгээд "зорьсон замаараа л яв, хүн юу гэж л хэлбэл хэлэг!". Аль ч ажил асуудлыг болох, бүтэх талаас нь олж харж сур. Тэр ч болохгүй, энэ ч бүтэхгүй гээд бодчих юм бол болж бүтэх юм ганц ч тохиохгүй. Аль ч зүйлийг өөдтэй, өнгөтэй талаас нь харж бай. Нүднийх нь өмнө тас хар хөшиг татаастай хүний амьдрал түнэр харанхуй шөнө мэт байсаар дуусна.

Өлөн чоно идэш олж идэх зорилгоор олон уул нурууг даван дамнан гүйдэг бол салхинд туугдан өнхөрч яваа хамхуулд тэнд заавал хүрнэ дээ гэсэн зорилго байхгүй. Хүн хамхуулын адил зорилгогүй амьдарч яагаад ч болохгүй. Хүн зорилгогүйгээр олигтой юу ч хийж дөнгөхгүй, юунд ч хүрч дийлэхгүй. Ойрын зорилго тавиад холд хүрнэ гэж үгүй. Хэт бага зорилгоор хэмжээгүй ихийг бүтээж эс чадна. Зорьсон зорилгогүй бол тэнгэр бурханаас заяасан тэнгэрлиг авьяастан ч амжилт олохгүй бүдэрнэ, алсад хүрэхгүй зогсоно. "Хэрэв нэгэн үзүүрт сэтгэлийг барьсан зорилго зүтгэлгүй бол авьяас билэг талаар өнгөрөх бөгөөд хоосон яриа, хомхой шунал, хов үгнээс хол хэтрэхгүй" гэж их бичгийн хүн хэлсэн байна. Хэтийн зорилго ямагт урагшлахыг шаардана. Гэхдээ хэт яарах хэрэггүй, хэтэрхий алгуурлаж ч болохгүй. Хүрч чадах, хийж дөнгөх зорилго тавь. Хүрсэн түвшингээсээ алхам алхмаар ахиж урагшлах боломж чамд ямагт нээлттэй байгаа. Хэрээс хэтэрсэн зорилгыг ажил болгоход төвөгтэй. Нэгэнт хүссэн бүхнээ хийж чадахгүйгээс хойш хийж чадах зүйлээ хүсэх нь ухаалаг шийдэл мөн. Зорилго тавьсан бол заавал хүрэхээр шамд!

Өөрийн бүх мэдлэг, ур ухаан, авьяас чадварыг өмнөө тавьсан зорилгынхоо зүгт төвлөрүүл. Үр дүн зайлшгүй гарна. Бусдыг сонсолгүй яахав, гэхдээ аливаад өөрийн бодолтой бай. Өөрийн бодолтой хүн хэзээ ч салхинд туугдсан хамхуул шиг зүг чиггүй хийсч дэгдэж явахгүй ээ. "Хорвоогийн хамгийн хэцүү зүйл бол өөрийн тархи толгойгоор сэтгэх явдал" гэсэн нэртэй зүстэй хүний хэлсэн үг бий. Тэгсэн хэрнээ өөрийн тархи толгойгоор сэтгэж байж л амжилтын оргилд гардаг нь маргашгүй үнэн билээ. Хүний хэлсэн ярьсаныг тоть шиг давтах, хүний хийсэн хөдөлснийг сармагчин шиг дуурайх нь ухаантай хүний хийдэг ажил биш. Өөрийн ухаанаар өөрийн амьдралыг жолоод. Бодох толгой байвал өмсөх малгай хэзээд олдоно. Өөрийн хийх ёстойг өрөөл бусдаар шаардуулахгүй, шахуулахгүй хийчихвэл сайн. Өөрөө юу хийхээ өрөөл бусдаар заалгахгүй байвал бүр сайн. Өөрийнхөө мэргэн ухаанд итгэ. Энэ мэргэн ухаан чамд бий. Мэргэн ухаан дор хаяж гурван чухал үйлдлийн эх үүсвэр болно.
1. Гайхалтай зөв шийдвэр гаргах;
2. алдаа мадаггүй ярих;
3. хэрэгтэй зүйл хийх. Нэгэнт хэрэгтэй, шаардлагатай гэж үзсэн бол эргэж буцалгүй, эргэлзэж тээнэгэлзэлгүй, түс тас шийдвэрээ гаргаж бай. Шийдвэр гаргах олон хувилбарууд дундаас хамгийн оновчтойг нь онож сонго. Гаргасан шийдвэр дээрээ бат зогсон хамгаал. Шийдвэрийнхээ хэрэгжилтийг өөрөө хариуц, биечлэн хяналт тавь. Шийдвэр гаргахдаа алдсан бол алдаагаа хүлээн зөвшөөрч сур. Алдаанаасаа суралц. Нэг бүдэрсэн довжоондоо дахин бүдрэхгүй байх нь ухаалаг хүний шинж.

Алдаа мадаггүй ярьж байж алдаа мадаггүй хийнэ. Ам хэлээ мэдэж яв. Хэлэх ярихаа цэнэж бай. Ам алдвал барьж болдоггүй. Амаа хичээхгүй бол гай тарина. Хүний амаар сүржигнэснээс өөрийн амаар учирла. Үг нь их, үйл нь бага болохоос сэрэмжил. Мэс аюултай. Үг, мэснээс ч илүү аюул тарьж мэднэ. Мэс нэг иртэй, нэг мөртэй. Үг нэг иртэй, олон мөртэй. Олон мөр дотор ачлах агуулга ч бий, бачлах аюул ч бий. Үгээр үхүүлж ч болно, үгээр сэхээж ч чадна. Алтан хушуу өргөхөөс алсхан дөлж яв. Алтан хушуу аянганаас аюултай, агтнаас хурдан. Хөөтэй тогоо үүрч ирсэн хүнийг хүндлэн дээдэлдэггүй юмаа гэхэд хүлцэн тэвчиж, хэлэх үгийг нь тогтон сонс. (Таагүй мэдээ дуулгахаар ирсэн хүнийг өвөг монголчууд чи юунд хөөтэй тогоо үүрч ирэв гэж асуудаг ёсон бий). Үгэнд унах нь нүхэнд унахаас хэцүү гэдгийг залуу хүн бүр бодож яв. Ухаан мууттай үгээр уралдахын хэрэггүй. Үг яриа хүн бүхэнд байдаг бол ухаан цөөхөнд нь заяадаг юм.

Өөрт хэрэгтэй, өргөн олонд тустай зүйлийг хий. Өөрт оногдсон ажлаа хүнд гологдохооргүй гүйцэтгэ. Хүн бүхэнд оногдсон ажил гэж бий. Ажил хэрэг бүхэнд хийх цаг гэж бий. Цагийн юмыг цагт нь амжуул. Хүнд учирч болох хамгийн том гай бол цагийн гарз. Хий дэмий сууж хайран цагийг бүү үр. Хэрэггүй зүйлээр оролдож хайран биеэ бүү зовоо. Ажил үйл хийхийн өмнө бүгдийг ул суурьтай бодож төлөвлө. Хийхдээ ч нягт нямбай, ул суурьтай хийж бай.

Сул талаа бусдад дэлгээд байх шаардлагагүй. Гэхдээ сул талаа өөрөө мэддэг байх хэрэгтэй. "Сул талаа мэдэж байх юм бол тэр бидэнд гай тарьдаггүй". Сулхан хүн өөрийн сул талыг төдийлөн таньж мэддэггүй. Харин жинхэнэ хүчтэй хүн өөрийн сул талыг ухаарч, түүнийгээ нөхөж чаддаг юм. Оройтоогүй дээрээ хамхуулын амьдралаас хагацан салах эр зоригоо чангал. Оройтвол амжихад бэрх болно. Хүссэн зорьсондоо хүрэхээр оролдоод, хичээгээд үз. Оролдлого сайт оройд нь гардаг, хичээл сайт хэргээ бүтээдэг юм шүү.

Титэм үг

Н.Багабанди

Tuesday, June 24, 2008

Тэмдэглэл 6/25

Ирэх сараас өөр төсөл рүү шилжих болсоноо дууллаа. Одоогийн төслийн хэрэглэгчээс захиалга авч вендер компаниудад ажил дамжуулах, release,service-in хийх зэрэг шат дамжлагад өөрийн хэрээр оролцов. Системийн баталгаат ажиллагааны талаар бага сага сурч, duplex систем байгуулж үзлээ. Бас хэрхэн ажлыг нугалж ард нь гардагийг мэдэж авсан санагдана.
Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт захиалагчийн дата центр руу явж, release хийлээ. Богино хугацаанд олон сэрвэрт зэрэг release хийх тул өөр баг, хэлтэсээс хүмүүс тусалсан. Тэдгээр хүмүүсийн ажлын дараалалыг зохицуулах, хийх зүйлсийг нэг бүрчлэн тайлбарлах гэж хэдэн цаг зарцуулав даа. Эцэст нь хүн хүч нэмэгдсэний хирээр ажилд ахиц гардаггүйг биеэрээ мэдрэв.
. . .

7 сар ч халуун даа.
Дараагийн ажил маань юу бол.
Тэр л байгаасай гэж залбирая.

Monday, June 23, 2008

Бяцхан зөвлөгөө

Би ажилдаа Sun-ийн кийбоорд хэрэглэдэг. Тэр кийбоорд хэдэн нэмэлт товчтой болоод тэр үү, далбагар том. Зарим товчийг дарах гэж арван хуруундаа сунгалтын дасгал хийсээр ядарчихдаг байлаа. Дараахь гарт ойр, дарахад хялбар товчны хослолыг хэрэглэж хэдэн хуруугаа амраав. Бас юникс төрлийн үс-ийн команд лайн дээр home, end, delete, backspace гэх мэт товчууд ажиллахгүй тохиолдол байдаг. Ийм үед доорхи командыг туршиж үзээрэй. Сурчихвал команд бичихэд амар шүү.


CTRL+a Курсорыг мөрийн эхэнд шилжүүлнэ (Abc)
CTRL+e Курсорыг мөрийн төгсгөлд шилжүүлнэ (End)
CTRL+b Курсорыг зүүн тийш шилжүүлнэ (Back)
CTRL+fКурсорыг баруун тийш шилжүүлнэ (Forward)
CTRL+pӨмнө ажиллуулсан командаа гаргана (Previews)
CTRL+nДараагийн командыг гаргана (Next)
CTRL+hКурсорын зүүн талын тэмдэгтийг арилгана
CTRL+dКурсорын баруун талын тэмдэгтийг арилгана (Delete)
CTRL+wКурсорын зүүн талын үгийг арилгана (Word)
ESC+dКурсорын баруун талын үгийг арилгана
CTRL+kКурсорын баруун талыг бүгдийг арилгана
CTRL+lДэлгэц цэвэрлэнэ (Clear)