Sunday, May 31, 2009

ТИТЭМ ҮГ – Мөрөөдлийнхөө хойноос мөшгөн тэмүүл

Мөрөөдөлгүй хүн даль жигүүргүй шувуутай л адил. Тэнгэр бурхан зах хязгааргүй огторгуйн уудамд элин халин нисэхийн тулд шувуудад даль жигүүр өгсөн бол хүнд зах хязгааргүй уудам орон зайд сэтгэн бодож, сайн сайхан бүхэнд тэмүүлэх мөрөөдлийг өгсөн. Мөрөөдөл шувуудын далавчнаас хавьгүй хүчтэй даль жигүүрийг хүнд хайрлана. Мөрөөдөл хэмээх хүчит даль жигүүрийнхээ тусламжтайгаар хүн өндөр сүрлэг уулсын оргилд ч дүүлэн гарч, хөлгүй гүн тэнгисийн гүнд ч шумбан орж, алсын одод руу аялан жуулчилж, хүслийн далайдаа чөлөөтэй сэлнэ. Байгаль дэлхийдээ заяамал тавилангаараа амьдарч байгаа шувуудын дүүлэн нисэхийг хэн ч хааж хориглож дийлэхгүй. Хүний зүрх сэтгэлийн ертөнцийг мөрөөдөлгүй болгох нь дэлхий ертөнцийг агаар мандалгүй болгохтой адил. Ухаант хүн бүхэн орон зайн хязгааргүйгээр мөрөөдөж болох ч мөрөөдлөө биелүүлэх боломж нь орон зайн хязгаартай. Мөрөөдлийн хязгаартаа хүрэхээр тэмүүлэх нь залуу хүн бүрийн амьдралын зорилго, амьд яваагийн утга учир байх ёстой.

Мөрөөдлөө хэрэгжүүлэхэд хөтлөх бэлэн жор байхгүй ч, мөрөөдлөө биелүүлэхэд туслах аргууд бол бий. Юуны урьд өөрөө өөрийгөө сайтар таньж мэд. Хүн бүрт байгалиас заяасан авьяас билэг заавал байгаа. Тэрхүү авьяас билгээ аль болох эрт олж нээхийг бод. “Авьяас бол байгалиас заяасан дур сонирхлын хөгжил юм”. Авьяас билгийг зөвхөн нээгээд орхих нь хангалттай биш, түүнийгээ аажим аажмаар төгөлдөржүүлэн, алхам алхмаар хөгжүүлэх хэрэгтэй. Авьяас билгээ нээн хөгжүүлэхийн хамт өөрийн давуу талуудыг таньж тогтоо. Эдгээрээс дутуугүйгээр дутагдалтай талаа болон алддаг алдаагаа сайн мэдэж, дотор сэтгэлдээ хүлээн зөвшөөр. Улмаар өөрийн давуу талаа дээш дээш нь дэвшүүлэн хөгжүүлж, дутагдалтай талаа доошлуулан доошлуулсаар аль болох доод түвшинд буулгахыг хичээ. Хаана байгаагаа мэд. Хаана байгаагаа мэдэхгүй бол хаана хүрэхээ яаж мэдэх билээ дээ. Амьдралдаа хамгийн их хүсдэг зүйлийнхээ талаар үргэлж бодож, түүнд хүрэх арга замаа тодорхойл. Мэдээж, хүн бүр аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Чиний хувьд юуг чухам аз жаргал гэж үздэгээ олж тогтоо. Хайр дурлал чиний аз жаргалын үүдийг нээнэ гэж бодож яваа бол түүнийхээ төлөө чин үнэнчээр зүтгэ. Мөнгө чамайг аз жаргалтай болгоно гэж үзэж байгаа бол мөнгөтэй болох арга ухаанаа самбаачлан дайчил. Мөнгө бол эрх чөлөөг олгогч. Эрх чөлөөтэй хүн аз жаргалтай. “Дотоод эрх чөлөөгөө сэхээрсэн хүн хөлдөө гинжтэй бүжиглэж, хүзүүндээ дөнгөтэй дуулж чадна. Тэр цагт гинж нь хөгжим болж, дөнгө нь чимэг болон хувирна”. Хүн өөрөө өөрийгөө танихгүй сохортоо л зовж гаслаж, золбирч гансарч явдаг нь эмгэнэлтэй.
Мөрөөдөлдөө хүрэхийн тулд өөрийгөө ямагт өөдрөг байлга. “Өөдрөг үзэл – энэ бол аугаа их хүмүүсийн үнэт эрдэнэ мөн”. Хамгийн муу зүйлд ч хамгаас өөдрөг хандахыг хичээ. Гутрангуй хүмүүс мөрөөдлийнхөө үрийг услан тордон ургуулдаггүй, харин цэцэглэх үндэс рүү нь байнга хор цацаж явдаг юм. Бүтэшгүй зүйлийг бүтээнэ гэх, болшгүй зүйлийг болгоно гэх, хүрэшгүй холд хүрнэ гэх, чадахгүй гэж басамжилсаныг чадна гэх өөдрөг сэтгэлтэй байхтун. Өвдсөн ч эдгэрэх, алдсан ч олох, уруудсан ч өөдлөх, зовсон ч жаргах өөдрөг үзлээр жигүүрлэ.

Ямар ч цагт өөрөөрөө байхыг хичээ. “Өөртөө шударга ханд”. Энэ бол онцгой чухал. Хүмүүс чиний тухай юу гэж ярих нь хамаагүй. Бусдыг утга учиргүй дуурайх гэсний хэрэг огт байхгүй. Чи дахин давтагдашгүй хувь хүн. Байгаагаасаа өөр байдлаар харагдах гэж хичээсний хэрэггүй. Хүмүүс чамайг ямар байсан, тэр байгаагаар чинь үнэлж дүгнэнэ. Чи зөвхөн өөрөөрөө байсан тохиолдолд л бусдын хүндлэлийг хүлээж, тэдэнд хамгийн их нөлөөтэй байж чадна. Өөртэйгөө эвлэр. Өөрт чинь дутуу, бусдад илүү байгаа өөдтэй өнгөтэй бүхнээс уйгагүй шамдан суралц. Өөрийгөө хөл хүнд эх шиг болгоомжтой авч яв.

Өөрийгөө хэзээ ч дутуу үнэлж болохгүй. Чиний бодож төсөөлж байгаагаас хавьгүй их хүч чадал чамд байгаа. Энэ хүч чадлаа дээд зэргээр дайчлан ашигла. Өөрийгөө дутуу үнэлдэг нунж дорой байдлаасаа даруй салах хэрэгтэй. Би чадахгүй, миний ухаан хүрэхгүй, мань мэтийн санаа саванд багтахын аргагүй гэж өөрийгөө дутуу үнэлэн, дорд үзэж болохгүй. Иймэрхүү өөрийгөө басамжилсан бодол гэгээн мөрөөдлийг чинь хулгайлна. Бид бүх л амьдралынхаа турш хүч гарган шатаар дээшээ мацдаг. Оройд нь гарч чадна гэсэн итгэл зүтгэлээр цуцалтгүй авир. Хувь заяа бид бүгдэд янз бүрийн, заримдаа бүр аймаар, халширмаар сорилт дэвшүүлэн тавьдаг. Гэм нь өмнөө, гэмшил нь хойноо, гэсгээл хатуу мөч тулна. Энэ мэт хатуу хүтүү үе тулгарахад давж гаран, туулан дийлэх сэтгэл итгэлийн хүчээ хураан хуримтлуул. “Авьяастай, хөдөлмөрт дуртай хүний хувьд саад тотгор гэж байдаггүй” юм.

Боломжийг хэзээ ч бүү алд. Болгоё, бүтээе гэж зоригловоос болохгүй, бүтэхгүй зүйл үгүй. Боломж чамайг байнга хүрээлж, айл саахалт буусан байдгийг мэд. Аз хийморь дагуулсан алтан боломж өглөө болоход наран мандахтай адил үргэлж тохиодоггүй гэдгийг сана. Алтан боломжийг алдаж хэрхэвч болохгүй. Бүх боломжоо шавхаж гүйцлээ гэж бодогдохоор шантрам хүнд байдалд орлоо ч өөр боломжууд заавал байх ёстой гэдэгт эргэлзээгүй итгэх хэрэгтэй. Боломж шавхагдашгүй нөөцтэй. Бүр чиний бодож төсөөлж байгаагүй илүү сайхан боломж байдаг гээч. Хамгийн гол нь илүү сайн боломж гарах сайн цаг ирнэ гэдэгт бат итгэ. Тэрхүү боломжийг идэвхгүй хүлээгээд суух биш, эрж хайж олох ёстойг ухаар.

Алдаа гаргахаас бүү эмээ. “Хүн алдаж болно. Гагцхүү ухаан муутай хүн л алдаатайгаа зууралддаг” юм. Юу ч хийдэггүй хүн алдаа гаргадаггүй. Шинийг туршин үздэггүй хүмүүс алдаагүй мэтээр амгалан суудаг. Үнэн хэрэгтээ хамгийн ихээр алдаж байгаа хэрэг юм. Туршиж үзээд алдах нь юу ч туршиж үзэлгүйгээр амжилтанд хүрэхээс хавьгүй дээр гэдгийг санаж яв. “Бүх хүмүүс алдаа хийдэг. Харин аугаа их хүмүүс алдаагаа хүлээдэг”. Өчигдөрийн алдаагаа ухаарч хүлээсэн хүн өнөөдрийн болон маргаашийн алдаанаас зайлсхийхэд өөртөө тусалдаг. Асар том мөрөөдөлдөө алдаа гаргахгүйгээр хүрнэ гэж ааглуу гоомой бодож, тооцож болохгүй. Алдаанаас сургамж авч, алдсан алдаагаа давтахгүйгээр, алдаа гаргахаас эмээхгүйгээр урагшлан мац.

Даруу бөгөөд даруулгатай бай. Оргилд нь цойлсон амжилт гаргаж, олон түмний хүндлэлийг хүртэн хүлээлээ ч их зан гаргаж, биеэ бүү тоо, даруу бай. Хүрэх амжилтандаа бүхэлд нь хүрсэн, зорьсон зорилгоо бүгдийг нь биелүүлсэн гэж сэтгэл ханан, санаа цадаж бүү тайвшир. Хүрэх гэж зориглон тэмүүлэх өөр өөр өндөр оргилууд үргэлж байдаг юм. “Даруу зан бол аугаа их үйлсийн эх мөн”. Даруу бус байдлаас болоод тэнгэрлиг авьяастан хэчнээн олон хүн тэнэгтэн сагсуурч өөрийгөө баллан, аугаа их үйлсээ гүйцэлдүүлж чадалгүй замын хугаст төөрч будилсан билээ дээ. Ухаалаг байцгаа. Даруу зан дутагдах нь их төлөв ухаан дутсанаас үүдэлтэй байдаг юм. Даруулгатай байцгаа. Даруулгагүй хүн өндрөөс нисэж, усанд ойчиж, халуун нурман дээр нүцгэн хөлөөрөө гишгэхээс холгүй харайлгаж явдаг юм. Хамгаалалтын бүсэн даруулга авто ослоос хамгаалдаг бол сэтгэлийн даруулга бие тоох хийгээд сагсуу ойворгон, ухаан дутуугаас үүдэлтэй муу бүхнээс хамгаална.

Хялбар биш гэдгийг хүлээн зөвшөөр. Мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэх нь чиний амьдралд тохиох хамгийн хэцүү, халширам ядаргаатай зорилт байж магад. Гэхдээ үүнээс буцаж, цуцаж болохгүй. Амжилтын тулгуур багана нь хэзээ ч бууж өгөхгүй, яасан ч шантрахгүй байх эр зориг юм. “Няцашгүй зориг ямар ч саадыг давдаг”. Зорилгодоо хүрэхийн тулд тэсвэртэй, тэвчээртэйгээр өөдөө махран мацсаар бай. “Бүхнийг тэсвэрлэн давах чадвартай хүн бүхнийг шийдэж чаддаг”. Хялбар олдсон бүхэн үнэ цэнэ багатай. Зовлон туулж, хөлсөө дуслуулан, сэтгэлээ чилээж бий болгон бүтээсэн бүхэн үнэ цэнэтэй, үр өгөөжтэй.

Мөрөөдлөөсөө яасан ч ухарч болохгүй. Тэвчээр заан, бие хийгээд сэтгэлийн хүч, тэнхээгээ дайчлан урагшил. Зорилгодоо хүрэхийн тулд хэт яарч хэрэггүй. Хэзээ ч ухарч, няцаж, шантарч болохгүй. “Амжилтад хүрэгсэд хэзээ ч шантардаггүй, шантарсан хүн хэзээ ч амжилтад хүрдэггүй”. Амжилтад хүрэх оюун билэг, ид чадал чамд байгаа. Хийж байгаа ажилдаа итгэж байгаа бол амжилтад хүрнэ гэдэгтээ ч гэсэн бүрэн дүүрэн итгэх ёстой. Ямар нэг саад бэрхшээлийг давахад чиний өөрийн бодол, хүсэл зориг, зөн совин, итгэл сэтгэл хамгийн чухал гэдгийг үргэлж сана. Хоол хийлгүй хоосон жорыг нь цээжиллээ гээд өлсгөлөн хүн цаддаггүйтэй адил ажиллаж хөдөлмөрлөн, хичээн зүтгэхгүйгээр хий хоосон мөрөөдөлдөө умбан суугаад амжилт олохгүй. Мөрөөдөл чинь чиний хүрч чадах сүмбэр оргилын дээд торгон цэгийг зааж байдаг юм. Мөрөөдлийнхөө оргилд хүрснээр хожим үр шимгүй амьдарч дээ гэх харууслаас чи өөрийгөө аварна. Мөрөөдлийнхөө хойноос мөшгөн тэмүүл.

http://dayarmongol.com-аас

Monday, May 4, 2009

Дуучин Тимон Баянзүрх дүүргийг 100 хогийн савтай болгожээ

Сая доорхи мэдээллийг уншлаа. Болоо ш дээ


Дуучин Н.Учрал буюу Тимоныг залуус андахгүй биз ээ. Тэрбээр “Бүтээлч үйлс, нийгмийн хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулсан юм. Тус төв нь ажил хийх сонирхолтой залуусыг элсүүлж, нийслэлийг хогийн савтай болгох ажил эхлүүлээд байгаа аж. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн нутагт 100 гаруй хогийн сав байрлуулаад байна. Мөн тус төвөөс “Эрхэм баян эрдэм ном” лекцийг зохион байгуулж 600 гаруй залуусаас 1000 гаруй ном цуглуулж, хорих ангийн хүүхдүүдийн номын санд хандивлахаар болжээ.

(www.news.mn)

Monday, November 3, 2008

Салхинд туугдсан хамхуул мэт амьдарч болохгүй

Эрхэм залуус аа! Салхинд туугдсан хамхуул мэт амьдарч, сайхан биеэ зөнд нь орхин, гаргуунд нь хаяж яавч болохгүй ээ. 19-р зуунд амьдарч туурвиж байсан хуульч хэмээх Сандаг найрагчийн салхинд хийссэн хамхуулын тухай шүлгийг дунд сургуульд сурч байхад бидэнд цээжлүүлдэг байж билээ. Өрнөх амьдралаа өөрийн ухаанаар залж жолоодож чадахгүй, салан задгай явж салхинд туугдсан хамхуул шиг дэгдэн хийсч байдаг болчих вий гэж сэрэмжлүүлэн, болгоомжлуулсан багш нарын маань хүмүүжүүлэх мэргэн ухаан энэ шүлгийг бидэнд цээжлүүлдэг байж. Хуульч Сандагийн уг шүлэгэнд "Нүүхийг салхи мэднэ, буухыг бут мэднэ. Энэхэн бие минь эндэгнэж дэндэгнэж л явна. Эцэст нь эрэгний мухарт хэвтэж, элс сөлөнд хутгагдаж, эрх багачуудын наадам, ишиг хурганы тоглоом болов" гэсэн мөр бий. Харамсалтай нь амьдралын тодорхой зорилгогүйгээр бор хоног, шар өдрийг өнгөрөөж "нүүхийг нь салхи мэдэж, буухыг нь бут мэдэх" мэт яваа залуус олон байна. Энэхэн бие нь эндэгнэж дэндэгнэж яваа нь бүр ч олон байна. Амьдралынх нь гал дөл нь бөхчихсөн, газар шагайж, санаа алдсан хүмүүс хаа сайгүй сүлжилдэн хөлхөлдөнө. Тэд өдөр хоногийг яая дээ л гэж нэг юм өнгөрөөнө. Амьдралынх нь цог заль, сүр сүлд нь доройтжээ. Аливаа юманд баярлана гэж байхгүй. Мөнхөд сэтгэл дундуур. Гутлынхаа хоншоорыг ширтэж, урвайж унжийн, хаана алхаж яваагаа ч сөхөөрөхгүй шахам болжээ. Гутранги үзэлд баригдан хүлэгджээ. Гэрэлт ирээдүйн тухай гэгээн мөрөөдөл, өөдрөг сэтгэл нь шавхагдсан мэт. Залуу хүн ийм байж хэрхэвч болохгүй ээ. Ийм байдлаа зугатаж болохгүй, тэрсэлдэж болохгүй тавилан мэтээр бодон төсөөлж, хувь заяатайгаа эвлэрэх нунж дорой байдлаар хандаж яавч таарахгүй ээ. Хэрэв энэ байдлаараа яваад байвал "эцэст нь эрэгний мухарт хэвтэж, элс сөлөнд хутгагдаж, эрх багачуудын наадам, ишиг хурганы тоглоом болох" хамхуулын хувь заяанаас юуны өөр байх билээ? Хамхуул хувь заяагаа салхинд даатгадагийн адилаар омголон залуу насандаа цаасан дарцаг шиг зүг чиггүй хийсч, завхарсан амьдрал дунд өөрийгөө үрэн таран хийвэл хожмын өдөр харамсаад ч барахгүй гуниг зовлон тээнэ.

Залуу хүн чи юуны өмнө гутранги үзлээс салж, өөдрөг үзлийг тархи толгойдоо бат шингээ. "Жинхэнэ өөдрөг үзэл нь бүх зүйл сайн болно гэсэн итгэл үнэмшил дээр бус, бүх зүйл муу болохгүй гэсэн итгэл үнэмшил дээр л суурилдаг"-ийг мэдэж ав. Амжилтанд хүрсэн бүх хүмүүс өөдрөг үзэлтэн байсан. Тэд өөдрөг үзлийг үнэт эрдэнэ мэт үзэн, салж хагацахгүй түүнтэй нөхөрлөсөөр амжилтын оргил өөд мацсан. Өөдрөг үзэл чамаас салан одвол үйлс заяа чинь уулын оройгоос бэл рүү өнхрөх чулуу мэт уруудан, улмаар доройтно. "Өөдрөг үзэлтэн бол хэзээ ч зовлон үзэж байгаагүй хүн бус харин цөхрөлийг туулж, түүнийг ялсан тэр хүн байдаг" юм. Өөрийн амьдралын замыг өөрөө бүтээ. Энэ хорвоод харагдаж байгаа замаас харагдахгүй байгаа зам нь олон байна. Харагдахгүй байгаа тэр замыг хайж эрж ол. Харагдахгүй байгаа замаар явж, зорьсон зорилгодоо хүрч, хүсэл мөрөөдлөө биелүүлж чадна гэдэгт бат итгэлтэй бол. Ингэж байж өөрийн гэсэн замыг өөрөө бүтээх сэтгэлийн тэнхээ, итгэлийн хат суун хуримтлагдана. Тэгээд "зорьсон замаараа л яв, хүн юу гэж л хэлбэл хэлэг!". Аль ч ажил асуудлыг болох, бүтэх талаас нь олж харж сур. Тэр ч болохгүй, энэ ч бүтэхгүй гээд бодчих юм бол болж бүтэх юм ганц ч тохиохгүй. Аль ч зүйлийг өөдтэй, өнгөтэй талаас нь харж бай. Нүднийх нь өмнө тас хар хөшиг татаастай хүний амьдрал түнэр харанхуй шөнө мэт байсаар дуусна.

Өлөн чоно идэш олж идэх зорилгоор олон уул нурууг даван дамнан гүйдэг бол салхинд туугдан өнхөрч яваа хамхуулд тэнд заавал хүрнэ дээ гэсэн зорилго байхгүй. Хүн хамхуулын адил зорилгогүй амьдарч яагаад ч болохгүй. Хүн зорилгогүйгээр олигтой юу ч хийж дөнгөхгүй, юунд ч хүрч дийлэхгүй. Ойрын зорилго тавиад холд хүрнэ гэж үгүй. Хэт бага зорилгоор хэмжээгүй ихийг бүтээж эс чадна. Зорьсон зорилгогүй бол тэнгэр бурханаас заяасан тэнгэрлиг авьяастан ч амжилт олохгүй бүдэрнэ, алсад хүрэхгүй зогсоно. "Хэрэв нэгэн үзүүрт сэтгэлийг барьсан зорилго зүтгэлгүй бол авьяас билэг талаар өнгөрөх бөгөөд хоосон яриа, хомхой шунал, хов үгнээс хол хэтрэхгүй" гэж их бичгийн хүн хэлсэн байна. Хэтийн зорилго ямагт урагшлахыг шаардана. Гэхдээ хэт яарах хэрэггүй, хэтэрхий алгуурлаж ч болохгүй. Хүрч чадах, хийж дөнгөх зорилго тавь. Хүрсэн түвшингээсээ алхам алхмаар ахиж урагшлах боломж чамд ямагт нээлттэй байгаа. Хэрээс хэтэрсэн зорилгыг ажил болгоход төвөгтэй. Нэгэнт хүссэн бүхнээ хийж чадахгүйгээс хойш хийж чадах зүйлээ хүсэх нь ухаалаг шийдэл мөн. Зорилго тавьсан бол заавал хүрэхээр шамд!

Өөрийн бүх мэдлэг, ур ухаан, авьяас чадварыг өмнөө тавьсан зорилгынхоо зүгт төвлөрүүл. Үр дүн зайлшгүй гарна. Бусдыг сонсолгүй яахав, гэхдээ аливаад өөрийн бодолтой бай. Өөрийн бодолтой хүн хэзээ ч салхинд туугдсан хамхуул шиг зүг чиггүй хийсч дэгдэж явахгүй ээ. "Хорвоогийн хамгийн хэцүү зүйл бол өөрийн тархи толгойгоор сэтгэх явдал" гэсэн нэртэй зүстэй хүний хэлсэн үг бий. Тэгсэн хэрнээ өөрийн тархи толгойгоор сэтгэж байж л амжилтын оргилд гардаг нь маргашгүй үнэн билээ. Хүний хэлсэн ярьсаныг тоть шиг давтах, хүний хийсэн хөдөлснийг сармагчин шиг дуурайх нь ухаантай хүний хийдэг ажил биш. Өөрийн ухаанаар өөрийн амьдралыг жолоод. Бодох толгой байвал өмсөх малгай хэзээд олдоно. Өөрийн хийх ёстойг өрөөл бусдаар шаардуулахгүй, шахуулахгүй хийчихвэл сайн. Өөрөө юу хийхээ өрөөл бусдаар заалгахгүй байвал бүр сайн. Өөрийнхөө мэргэн ухаанд итгэ. Энэ мэргэн ухаан чамд бий. Мэргэн ухаан дор хаяж гурван чухал үйлдлийн эх үүсвэр болно.
1. Гайхалтай зөв шийдвэр гаргах;
2. алдаа мадаггүй ярих;
3. хэрэгтэй зүйл хийх. Нэгэнт хэрэгтэй, шаардлагатай гэж үзсэн бол эргэж буцалгүй, эргэлзэж тээнэгэлзэлгүй, түс тас шийдвэрээ гаргаж бай. Шийдвэр гаргах олон хувилбарууд дундаас хамгийн оновчтойг нь онож сонго. Гаргасан шийдвэр дээрээ бат зогсон хамгаал. Шийдвэрийнхээ хэрэгжилтийг өөрөө хариуц, биечлэн хяналт тавь. Шийдвэр гаргахдаа алдсан бол алдаагаа хүлээн зөвшөөрч сур. Алдаанаасаа суралц. Нэг бүдэрсэн довжоондоо дахин бүдрэхгүй байх нь ухаалаг хүний шинж.

Алдаа мадаггүй ярьж байж алдаа мадаггүй хийнэ. Ам хэлээ мэдэж яв. Хэлэх ярихаа цэнэж бай. Ам алдвал барьж болдоггүй. Амаа хичээхгүй бол гай тарина. Хүний амаар сүржигнэснээс өөрийн амаар учирла. Үг нь их, үйл нь бага болохоос сэрэмжил. Мэс аюултай. Үг, мэснээс ч илүү аюул тарьж мэднэ. Мэс нэг иртэй, нэг мөртэй. Үг нэг иртэй, олон мөртэй. Олон мөр дотор ачлах агуулга ч бий, бачлах аюул ч бий. Үгээр үхүүлж ч болно, үгээр сэхээж ч чадна. Алтан хушуу өргөхөөс алсхан дөлж яв. Алтан хушуу аянганаас аюултай, агтнаас хурдан. Хөөтэй тогоо үүрч ирсэн хүнийг хүндлэн дээдэлдэггүй юмаа гэхэд хүлцэн тэвчиж, хэлэх үгийг нь тогтон сонс. (Таагүй мэдээ дуулгахаар ирсэн хүнийг өвөг монголчууд чи юунд хөөтэй тогоо үүрч ирэв гэж асуудаг ёсон бий). Үгэнд унах нь нүхэнд унахаас хэцүү гэдгийг залуу хүн бүр бодож яв. Ухаан мууттай үгээр уралдахын хэрэггүй. Үг яриа хүн бүхэнд байдаг бол ухаан цөөхөнд нь заяадаг юм.

Өөрт хэрэгтэй, өргөн олонд тустай зүйлийг хий. Өөрт оногдсон ажлаа хүнд гологдохооргүй гүйцэтгэ. Хүн бүхэнд оногдсон ажил гэж бий. Ажил хэрэг бүхэнд хийх цаг гэж бий. Цагийн юмыг цагт нь амжуул. Хүнд учирч болох хамгийн том гай бол цагийн гарз. Хий дэмий сууж хайран цагийг бүү үр. Хэрэггүй зүйлээр оролдож хайран биеэ бүү зовоо. Ажил үйл хийхийн өмнө бүгдийг ул суурьтай бодож төлөвлө. Хийхдээ ч нягт нямбай, ул суурьтай хийж бай.

Сул талаа бусдад дэлгээд байх шаардлагагүй. Гэхдээ сул талаа өөрөө мэддэг байх хэрэгтэй. "Сул талаа мэдэж байх юм бол тэр бидэнд гай тарьдаггүй". Сулхан хүн өөрийн сул талыг төдийлөн таньж мэддэггүй. Харин жинхэнэ хүчтэй хүн өөрийн сул талыг ухаарч, түүнийгээ нөхөж чаддаг юм. Оройтоогүй дээрээ хамхуулын амьдралаас хагацан салах эр зоригоо чангал. Оройтвол амжихад бэрх болно. Хүссэн зорьсондоо хүрэхээр оролдоод, хичээгээд үз. Оролдлого сайт оройд нь гардаг, хичээл сайт хэргээ бүтээдэг юм шүү.

Титэм үг

Н.Багабанди

Tuesday, June 24, 2008

Тэмдэглэл 6/25

Ирэх сараас өөр төсөл рүү шилжих болсоноо дууллаа. Одоогийн төслийн хэрэглэгчээс захиалга авч вендер компаниудад ажил дамжуулах, release,service-in хийх зэрэг шат дамжлагад өөрийн хэрээр оролцов. Системийн баталгаат ажиллагааны талаар бага сага сурч, duplex систем байгуулж үзлээ. Бас хэрхэн ажлыг нугалж ард нь гардагийг мэдэж авсан санагдана.
Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт захиалагчийн дата центр руу явж, release хийлээ. Богино хугацаанд олон сэрвэрт зэрэг release хийх тул өөр баг, хэлтэсээс хүмүүс тусалсан. Тэдгээр хүмүүсийн ажлын дараалалыг зохицуулах, хийх зүйлсийг нэг бүрчлэн тайлбарлах гэж хэдэн цаг зарцуулав даа. Эцэст нь хүн хүч нэмэгдсэний хирээр ажилд ахиц гардаггүйг биеэрээ мэдрэв.
. . .

7 сар ч халуун даа.
Дараагийн ажил маань юу бол.
Тэр л байгаасай гэж залбирая.

Monday, June 23, 2008

Бяцхан зөвлөгөө

Би ажилдаа Sun-ийн кийбоорд хэрэглэдэг. Тэр кийбоорд хэдэн нэмэлт товчтой болоод тэр үү, далбагар том. Зарим товчийг дарах гэж арван хуруундаа сунгалтын дасгал хийсээр ядарчихдаг байлаа. Дараахь гарт ойр, дарахад хялбар товчны хослолыг хэрэглэж хэдэн хуруугаа амраав. Бас юникс төрлийн үс-ийн команд лайн дээр home, end, delete, backspace гэх мэт товчууд ажиллахгүй тохиолдол байдаг. Ийм үед доорхи командыг туршиж үзээрэй. Сурчихвал команд бичихэд амар шүү.


CTRL+a Курсорыг мөрийн эхэнд шилжүүлнэ (Abc)
CTRL+e Курсорыг мөрийн төгсгөлд шилжүүлнэ (End)
CTRL+b Курсорыг зүүн тийш шилжүүлнэ (Back)
CTRL+fКурсорыг баруун тийш шилжүүлнэ (Forward)
CTRL+pӨмнө ажиллуулсан командаа гаргана (Previews)
CTRL+nДараагийн командыг гаргана (Next)
CTRL+hКурсорын зүүн талын тэмдэгтийг арилгана
CTRL+dКурсорын баруун талын тэмдэгтийг арилгана (Delete)
CTRL+wКурсорын зүүн талын үгийг арилгана (Word)
ESC+dКурсорын баруун талын үгийг арилгана
CTRL+kКурсорын баруун талыг бүгдийг арилгана
CTRL+lДэлгэц цэвэрлэнэ (Clear)

Thursday, November 22, 2007

Friday, June 15, 2007

Сургамж

Зах зээлийн хатуу ширүүн өрсөлдөөний хууль ёсоор том жижиг гэлгүй компаниуд дотор ширэнгийн гэж болохоор хууль үйлчлэх нь цөөнгүй. Хэн нэг нь нөгөөхийнхөө араа явуулга хийж, өөр нэг нь алтан хошуу өргөх гээд таагүй зүйлстэй ажил хийж байгаа, хийж байсан бүх хүн ямар нэг байдлаар таардаг. Харин юмыг яаж мэдэх вэ, ийм ширэнгийн хууль үйлчидэг компанид орчихвол халагдчихалгүй үлдээд, ар гэр, амин голоо зогоогоод явахад тус болох үндсэн хэдэн зарчмыг танилцуулъя. Юуны өмнө ном судрын албаны үг хэллэгээр бус хар яриа, хар амьдралаас жишээ авсан байгааг ойлгоорой. Харин уншаад санал нийлж, мөрдөх эсэх нь таны зөвхөн таныг хэрэг.

Зарчим 1
Хэрээ модон дээр өдөржингөө юу ч хийлгүй суудаг гэнэ. Нэгэн жижигхэн туулай хэрээг харчихаад «Би тань шиг өдөржингөө юу ч хийлгүй суугаад байж болох уу?» гэж асуужээ. Хэрээ «Мэдээж хэрэг тэгэлгүй яахав» гэж хариулав. Тэгээд туулай модон дор тухлан хэвтээд өгчээ. Гэтэл гэнэт хаанаас ч юм бэ үнэг гарч ирээд хөөрхий туулайг бариад идчихэж гэнэ.
Сургамж: Юу ч хийлэгүй, зүгээр суухын өмнө та хангалтай, яаж ч болохооргүй өндөрт суудаг байх ёстой.

Зарчим 2
Тахиа бухтай уулзад ярив. «Би энэ модны орой дээр нь гармаар байна. Даанч миний хүч хүрэхгүй нь ээ» гэж тахиаг хэлэхэд бух «Тэгвэл миний баасыг ид. Шим тэжээлтэй бодис зөндөө агуулсан, бордоо л гэсэн үг. Чамд бяр ороход тус болно» гэв. Тахиа бухны баасыг идээд үзтэл үнэхээр хүч нэмэгдэх шиг болжээ. Маргааш нь бас идээд хоёр дахь мөчир дээр үсрэн гарав. Энэ мэтээр хоёр долоо хоног болоход тахиа модны орой дээр гараад суучихсан байлаа. Гэвч түүнийг ойролцоо явсан фермер олж хараад шувууны ханиад тусаад галзуурчихаж гэж бодон буудаад алчихажээ.
Сургамж: Өтөг бууц нь чамайг өндөрт гарахад тус болж болох ч тэндээ үлдэхэд чинь тус болж чадахгүй.

Зарчим 3
Нэг жижигхэн шувуу өмнө зүг нисч байжээ. Маш хүйтэн байсан тул шувуухай осгоод уначихаж. Дэргэдүүр нь нэг үнээ явж байгаад дээр нь хүндэрч овоолчихоод цааш явчихаж. Шувуухай анхандаа уурлах гэсэн боловч ялгадасан дотор дулаахан байсан болохоор дулаацаж аваад, жиргэж эхэлжээ. Гэтэл дэргэдүүр нь явсан муур шувууны жиргэхийг сонсоод хайж олоод ялгадсан дотроос гаргаж цэвэрлэчихээд идчихэж гэнэ.
Сургамж:
1.Таны дээрээс хүндэрсэн хүн болгон дайсан чинь биш.
2.Ялгадсан дотроос татаж гаргасан болгон найз чинь биш.
3.Дулаахан, тухтай байгаа бол жиргэж, чимээ өгөлгүй чимээгүй сууж бай.

Зарчим 4
Бурхан хүнийг бүтээсний дараа том маргаан дэгдэж гэнэ. Биеийн эрхтэн, мөч болгон өөрийгөө хамгийн чухал гэж нотлон бүгдийг удирдах гэж хэрэлдсэн нь тэр байж. Тархи эхлээд «Би биеийн бүх эрхтнийг удирддаг болохоор би захирагч нь байх ёстой» гэв. Тэр даруй хөл «Мөн ярив аа. Энэ бүх ачааг нь би ийш тийш нь зөөдөг юм шүү» гэлээ. Гар хариуд нь «Би ажил хийж, мөнгө олдоггүй бол та нар яах байсан юм бэ» гэж ирээд л нүд, зүрх, уушиг, бөөр, элэг бүгд л өөр өөрийн үүргийг онцлон хэрүүл дэгдлээ. Тэгсэн гэнэт хошногоны нүх дуур гарч байна гэнэ. Тэр нүхийг жижигхэн заваан амаа нээнгүүт бүгд л шоолж эхлэв. Хөөрхий нүхэнд хариу хэлэх боломж гараагүй болохоор уурлаад амаа таглаад таг дуугүй болов.
Гэтэл удалгүй үлдсэн эрхтнүүд хямар эхлэв. Хамгийн түрүүнд хоёр нүд бүлтрэх гэж байгаа мэт төмбийв. Дараа нь үе мөчнүүд хошногоноос хичнээн хол байлаа ч гэсэн тэр нүхийг ямар чухал үүрэгтэй болохыг ойлгов. Удалгүй нүхний даралтыг жаахан ч гэсэн багасгахын тулд уушиг, зүрх асар хурдтай ажиллаж эхэллээ. Асуудлаас гарах аргы замыг хайж тархи галзуу хурдтайгаар ямар ч үр дүнгүй ажиллаж гарав.
Тэгсээр удалгүй нөгөө нүхийг хүний биеийн хамгийн гол хэсэг гэдэгтэй бүгд санал нийлж гэнэ.

Сургамж: Хамгийн том нь байхын тулд заваан ч гэлээ хэрэгтэй газар жижигхэн нүх байхад л хангалттай.

Wednesday, May 30, 2007

理解しておくことその1

. . . この業界で働きはじめると、担当した仕事によって、データ解析・Java・3D・シミュレーションなどのある特定の分野のプログラミングの経験を積むことになる。そういった経験を通して特定の分野を深堀りしてエキスパートになるのはおおいに結構なのだが、往々にして落ち込んでしまうのが「ボクはJavaのエキスパートだからRubyではプログラムは書かない」、「シミュレーションのことならそれに詳しいエンジニアがいるんだからその人に頼んで」、「今からFlashを勉強している時間はないからActiveXで作らせて」などと融通の利かないことを言う「使えないエンジニア」になってしまうこと。これでは時代の変化についていけない。

. . .  学生諸君にぜひともお願いしたいのは、この手の課題にどんどんと取り組んで「新しい技術をすばやく習得して応用する」テクニックを見につけることである。知識や情報そのものはネットを探せば簡単に見つかるので、自分の脳みその中に知識を溜め込んでおく「記憶力」や「知識量」はあまり役に立たない。それよりは、必用に応じて新しい技術をすばやく検索・吸収し、実際のプログラムに応用する、という「適用力」・「応用力」のほうがずっと重要である。

Life is beautifulより

Thursday, May 24, 2007

Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна

Их сэтгэгч, үл гүйцэлдэх үзэлтэн Сен Симон өглөө бүр “Эрхэм ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна” гэж дуудаж сэрээж байхыг тушааж байсан гэдэг. Энэ нь аугаа их үйл хэрэг бүтээх том зорилт өмнөө тавьсан бүтээлч хүний хар нүд хуулахаасаа эхлээд өөртэйгөө ажиллаж, биеэ эзэмдэн, албадан захирах сэтгэлийн тэнхээгээ хөвчлөн буйн сонгодог жишээ билээ.

Нэгэнт ийм уриа дуудлагатайгаар орноосоо өндийсөн хүн бэрх хатууг чандлан, их үйл хэргийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө чин зоригтойгоор, эргэлт буцалтгүй зориулах нь эргэлзээгүй тодорхой.

Түүний нэг адил Монголын хүүхэд залуусыг аугаа их үйл хэрэг шил шилээ харан шийдлээ хүлээн угтан тосож байгаа. Тэртээ хойно сэтгэлд өгүүлж гүйцэшгүй баясах сайн үйл бүтээхийн тулд өөрийгөө эзэмдэн албадах аргад цуцалтгүй суралцах хэрэгтэй. Биеэ эзэмдэн албадах аргад суралцах анхны алхам нь өөртөө тушааж, түүнээ туйлбартай хэрэгжүүлж сурах хувийн сахилга юм.

Үүнийг зайлшгүй сурах ёстой, заавал хийх ёстой, би эс хийвээс хэн хийхэв гэж зориглон барьж ав. Тэгэхдээ хүмүүсийн хормойноос зүүгдэн, мөрийг нь даган гэлдрэгч биш, өөрөө тэргүүлэгч, шан татагч, ачааны хүндийг үүрэгч байхыг хичээ. Тэгж байж илүү жин дарах амжилтыг олох болно. Залуу хүн “ууж идэхдээ уургын морь шиг, урагшаа гишгэхдээ ургаа хад шиг” байж хэрхэвч таарахгүй.

Сурах, хийх аль алинд нь алгуурлан, азнан хойш тавьж хэрэггүй, шууд барьж аван хийж эхлэх хэрэгтэй. “Хэн эхэлнэв, тэр талыг нь хийчихлээ гэсэн үг” гэж эртний Римийн яруу найрагч Ф.Гораций шүлэглэснийг санаж явахад нэн сургамжтай. Эхэлснээ заавал туйлд нь хүргэж дуусган, үр дүнг нь үздэг байх нь та нарын насан турш хазайлгүй мөрдөх дүрэм. Эхэлснээ дуусгалгүй замын хугаст зогссоноос эхлэхгүй байх нь ч дээр.

Үзэл бодолдоо туйлбартай, үнэнч байж эхэлсэн ажлаа туйлд нь хүргэхийн төлөө хилэнц түйтгэрийг огоорон, амь насаараа дэнчин тавьж, билэг төгөлдөр авьяасаа гайхуулан түүхэнд нэрээ алтан үсгээр бичиж мөнхөлсөн зориг баатарлагийн жишээ захаас аван бий.

Хүүхэд насандаа ерийн биш асуудлуудыг байнга тавьдаг ер бусын сониуч хүү Жордано Бруно идэр насандаа “үнэн хаа байна” гэдэг асуултыг өөртөө тавьж, шинжлэх ухаанд “донтон”, үнэний эрэлд мордсон юм. Бруно өөрийгөө дээд зэргээр эзэмдэн албадаж бие даан боловсрол олоход гол анхаарлаа хандуулан, оюун ухаанаа байнга төгөлдөржүүлж, хол ойрын хүмүүсийг мэдлэгээрээ хачирхуулж, сэтгэгч хүнийхээ хувьд өөрийгөө бий болгосон юм.

Тэрээр, хүн чи байгалийн бүтээгдэхүүн бөгөөд манай дэлхийгээс гадна бусад орчлонт ертөнц байдаг ба амьдрал оюун ухаан байх боломжтой өөр ертөнц ч оршиж болно гэдгийг анхлан зоригтойгоор дуугарсан суут сэтгэгч билээ. Дөрвөн зуу гаруй жилийн тэртээ бурангуй үзэлтнүүд үнэнийг хэлснийх нь төлөөс болгон Ж.Бруног түүдэг гал дээр шатаасан.

Хэдийгээр Ж.Бруног шатаасан боловч түүний нээсэн үнэн хэзээ ч шатаагүйгээр барахгүй хүн төрөлхтний нүдийг нээж, сансарт нэвтрэх замыг засч өгсөн юм. Бруногийн тэрс үзлийг буруутгасан нь сүм хийдийн алдаа байсныг 1979 онд Ромын пап II Ионн Павел өөрөө хүлээж, хүлцэл өчсөн билээ. Үхэвч үнэн ялна гэдэг энэ ажээ.

Хүүхэд, залуус та нар өөрийгөө эзэмдэн албадаж сурахын зэрэгцээ өөрийгөө тэвчин барих аргыг эзэмших шаардлагатай. Юуны өмнө өөрийгөө хязгаарлаж сур. Муу явдалтны өдөөлт ятгалганд бүү авт. Болохгүй, бүтэхгүй үйлд сэтгэл хөдлөлөөр оролцон өөрийгөө сүйтгэхгүйг хичээ. Амьдралд сөгдөж туйлдах үе тохиолдохгүй мэтээр ам гарч, ааг омогтоо дэврэх хэрэггүй.

Хүндрэл бэрхшээл, хатуу бэрх чамайг сөгдүүлж сөхрүүлэх цаг мөч таарч мэднэ. Тэгсэн ч унаад босч чаддаг сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. “Унагаасан нь хүчтэй, өндийн боссон нь бүр илүү хүчтэй” гэж ярьдаг яриа санамсаргүй зүйл бишээ. Зовлон бэрхшээл хүнийг хөл дээр нь босгодог гэдэг. Унах бүрдээ улам чадалтай босож ирж байсан гайхамшигт хүмүүсийн тухай уншиж байсан. Санаанд байгаа нэгнийх нь тухай одоо та нартай хуваалцая.

Нэгэн нэрт түүхч өөрийн бичсэн номынхоо гар эхийг найздаа уншуулахаар өгөв. Анзаарга муутай салан найз нь уул гар эхийг хаа нэгтээ тавиад мартжээ. Хэдэн долоо хоног өнгөрсөн хойно хэвлэлийн газраас гар эхийг нэхэв. Гэтэл найзынх нь үйлчлэгч уг гар эхийг хэрэггүй хуучин цаас бичиг гэж бодоод шатаачихсан байжээ.

Үүнийг сонссон түүхчийн бодол ухаан, сэтгэл дотрыг төсөөлөхөд нэн хүнд. Дахин ширээндээ сууж үзгээ барихаас өөр зам байсангүй. Тэр үед ямар одоогийнх шиг хувилах хэрэгсэл, санах хадгалах ойтой төхөөрөмж байсан биш. Бүр эхнээс нь дахин бичиж эхлэв. Анх туурвиж байхад үзэг нь баяр баясгалан, цог хийморь дагуулан гулсаж байсан бол дахин эхнээс нь бичиж дуусгана гэдэг шаналгаан болоод бухимдлаас өөр юу ч биш байсан гэнэ.

Гэвч тэрээр бэрхийг тэвчиж эцсийг нь хүртэл дахин бичиж, хүндээс хүнд сорилтыг нугаралгүй давсан. Шинээр туурвисан бүтээл нь үнс болон хийссэн эхээсээ илүү чамбай болсонд сэтгэл тэнэгэр урамтай байлаа.

Унаж доройтсон сэтгэл бүтээн туурвих гайхалтай эрч хүчээр сэлбэгдэн тэжээгдэж улам чадалтай босч ирсэн гунигтай мөртлөө сургамжтай тохиолдол энэ билээ. Нэрт түүхчийн бүтээлийн замд хөндөлсөн саад болсон энэхүү учрал заавал хийх хатуу шийдвэр гарган зүтгэвээс зорилтоо хэзээд гүйцэлдүүлж болохыг бидэнд сургаж байна.

Өөрийгөө хязгаарлаж сурахын хамт санаа бодлоосоо татгалзах чадвар эзэмших шаардлагатай. Хорхойг чинь хүргэж, хүслийг чинь дээд зэргээр өдөөж байсан ч хэрэггүй гэж үзвэл татгалзах сэтгэлийн тэнхээтэй бай.

Ашиггүй хий хоосон яриа дэлгэх, зорилгогүй цаг үрэхийг өөртөө хатуу хоригло. “Өдөр бүр нарийн тооцоотой байж, алдагдсан минут бүрээ бодож цэгнэж бай. Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм” гэж германы зохиолч Томас Манн-ы бичсэнийг цээжилж аваад үе үе эргэн санаж байхад илүүдэхгүй.

Залуу нөхрийн минь амьдрал өнгөрсөн цагийн гутамшиг болон гунигтайгаар өнгөрч хэрхэвч болохгүй. Чиний өнгөрсөн цагийн амьдрал чамайг хүлээж байсан аугаа их үйл хэргийн төлөө зориулагдаж, ирээдүй үеийнхэнд үлгэр жишээ болох ёстой гэсэн итгэл үнэмшилээр утга төгөлдөр амьдрах хэрэгтэй.

Wednesday, March 14, 2007

ЭССо: Эерэг, Сөрөг, Сонирхолтой /санаанд хандах хандлага/



ЭССо бол бодол санааг нээлттэй болгон ухамсартай жолоодох зорилгоор сэтгэлгээнд хэвшил болгох шаардлагатай арга хэрэгсэл юм. Энэхүү сэтгэлгээний хэрэгсэл нь тухайн санаа танд таалагдаж байгаа эсэхээс хамаарахгүйгээр уг санааны эерэг талыг /Э=Эерэг/, муу талыг /С=Сөрөг/, мөн сонирхолтой талыг /Со=Сонирхолтой/ олох чармайлт гаргахад тусална. Сонирхолтой тал гэдэг нь сайн ч биш муу ч биш гэхдээ авч үзүүштэй талууд юм.
ЭССо бол дэвшигдсэн санаа, санал, зөвлөлгөөг хэлэлцэх арга зам юм. Санааны хариу үйлдэл нь түүнийг таашаах, эс таашаах, дэмжин сайшаах эсвэл шүүмжлэн буруушаах байж болно. Хэн хүнд тухайн санаа таашаагдаж байвал түүний сөрөг талыг олж харахад түвэгтэй, харин санаа таалагдахгүй байвал түүний эерэг талыг олж харахад түвэгтэй байх нь олонтой. Мөн санааны ховорхон сонирхолтой талыг илрүүлэхэд түвэгтэй байдаг.
ЭССо-г зориудын үйл ажиллагаа болгон хэрэглэх нь санаанд сэтгэл хөдлөлгүйгээр хариу үйлдэл үзүүлж, илэрхийлэх боломжийг олгодог. Үүний гол зорилго нь сэтгэл хөдлөлийн хариу үйлдлээс ухамсартайгаар зориудын үйлдэл хийх чадвар руу шилжүүлэх явдал юм.
ЭССо нь хэзээ ч шийдвэр ба үүрэг даалгаврыг хөндөх гэсэн оролдлого хийдэггүй харин аливаа юмыг олон талаас нь авч үзсэний дараагаар хийх хэрэгтэй гэсэн үнэмшлийг бий болгодог.
Энгийн томъёоллоор бол ЭССо ажиллагаа нь нөхцөл байдлыг авч үзэх өргөн боломжийг олгоно. Үүнгүйгээр санаанд өгөх сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл нь түүнд хандах арга замыг улам явцууруулдаг.
Э=Эерэг “Санааны талаарх сайн зүйлс” ямар учраас танд энэ таалагдаж байна вэ?
С=Сөрөг “Санааны талаарх муу зүйлс” ямар учраас танд энэ таалагдахгүй байна вэ?
Со=Сонирхолтой “Санаанд байгаа сонирхолтой талууд”, сайн муугийн алинд ч хамаарахгүй боловч байж болох санаанууд
Энэ санаа надад таалагдаж байна эсвэл санаа таалагдахгүй байна гэж хэлэхийн оронд та ЭССо-г хэрэглэж болно. Та ЭССо-г хэн нэгний дэвшүүлсэн санаа, санал, зөвлөлгөөг хэлэлцэх арга зам болгон хэрэглэж болно.
Жишээ:
Санаа: Автобусны бүх суудлыг аваад хаячих хэрэгтэй.
Э: Автобусанд илүү олон хүн багтах болно.
Сууж буухад амар болно.
Автобусыг үйлдвэрлэх болон засварлахад хялбар болно.
С: Автобус гэнэт тоормослоход зорчигчид давхралдан унах болно.
Настай болоод тахир дутуу хүмүүс ийм автобусанд зорчиход хэцүү байх болно.
Сав тортой зүйл болон хүүхдээ авч явахад хүндрэлтэй болно.
Со: Суудалгүй мөн суудалтай гэсэн хоёр төрлийн автобус байж болохгүй юу?
Ийм автобусаар илүү их ажил хийх юм биш үү?
Автобусанд тохь тухтай байдал бол тийм ч чухал биш.
Бусад жишээ: Цонхыг шилээр биш харин тунгалаг пластикаар хийх хэрэгтэй.
Э: Хагарах нь гайгүй.
Хагарсан үед учруулах аюул нь гайгүй.
С: Пластик нь шилнээс илүү үнэтэй.
Пластик нь маш амархан зурагддаг.
Со: Хэрвээ цонхыг пластикаар хийвэл түүнийг янз бүрийн өнгөөр будаж болно.
Бид шилийг хэрэглээд дасчихсан болохоор шил илүү сайн нь гэж үзэж магадгүй юм.
Дасгал 1: Бүх автомашин шар өнгөтэй байх ёстой гэсэн хууль гаргая.
Энд бүх бүлгүүд ЭССо-г 3-5 минутын хугацаанд гүйцэтгэнэ. Нэг бүлэг өөрсдийн Эерэг талыг нэрлэх ба бусад бүлгүүд үүн дээр нэмэлт хийж болно. Өөр бүлэг Сөрөг талыг нэрлэх ба цааш нь дараагийн бүлэг Сонирхолтой талуудыг нэрлэнэ.
Зөвлөмж:
Э: Шар өнгийн машин шөнө болоод манантай үед сайн харагдах тул замын осол багасна.
Та хүссэн өнгөө гаргах гэж хүлээхгүй болж таны машиныг шууд л будаад өгчихнө.
Автомашин нь зэрэг дэв, зиндаа байдал зэргийг илэрхийлэх тэмдэг болохоосоо илүүгээр тээврийн хэрэгсэл болно.
С: Амьдрал уйтгартай болно.
Будгийн үйлдвэрлэгчид болон сурталчлагчид хүндрэлтэй тулгарна.
Цагдаагийнханд хулгайлагдсан машиныг мөрдөж мөшгихөд хүндрэлтэй болно.
Со: Эзэмшигч болоод бусдад машины өнгө шар байх нь ямар ашигтай бол?
Машиныхаа өнгөнөөс хамаараад хүмүүсийн жолоодлого ялгаатай байдаг болов уу?
Дасгал 2: Хүмүүс тухайн өдрийн санаа сэтгэл ямар байгааг илтгэсэн тэмдэг зүүх ёстой.
Энд бүлэг бүр ЭССо-г бүтнээр хийж гүйцэтгэх бөгөөд гэхдээ тэдний гол зорилго нь багшийн нууцалсан 2 Эерэг тал, 2 Сөрөг тал ба 2 Сонирхолтой талыг бодож олоход оршино. 3-5 минут бэлтгэсний дараа бүлэг бүр нэг нэг Э, С, Со талуудыг санал болгоно. Дараа нь аль ч тал дээр санал нэмэгдэхгүй болсон үед багш өөрт байгаа нууцалсан зүйлсээ задлана.
Нууцлах талууд:
Э: Та ааш зан муутай байгаа хүнээс холуурхан байж чадна.
Хүмүүс ааш зангаа сайн байлгахыг илүү их хичээх болно.
С: Хүмүүс үнэнчээр тэмдгээ зүүхгүй.
Сэтгэлээ сэргээх шаардлагатай, бусад хүмүүсээс сэтгэлийн дэмжлэг авах шаардлагатай хүмүүст сөргөөр нөлөөлнө.
Со: Тэдний нүүрнээс хараад та зарим хүмүүстэй санаа сэтгэлийн талаар нь ярилцаж болно.
Хүмүүс өөрсдийн сэтгэл санааны байдлыг бусдад мэдрүүлэхийг илүүд үздэг болов уу эсвэл нуухыг оролддог болов уу?

Зарчмууд
А. ЭССо бол маш чухал. Яагаад гэвэл түүнгүйгээр та эхлээд харахад муу мэт санагдсан боловч ихээхэн үнэ цэнэтэй санаанаас татгалзаж болзошгүй.
Б. ЭССо-гүйгээр та өөртөө маш их таалагдсан санааны сул талыг олж харахгүй байж магад.
В. ЭССо-г хийх нь тухайн санаа нь сайн муу талуудаараа чухал биш боловч өөр санаанд хөтөлж хүргэж байгаагаараа сонирхолтой гэдгийг харуулж чадна.
Г. ЭССо-гүйгээр асуудлыг шинжлэн үзэх нь санааны үнэ цэнэ дээр биш таны тухайн цаг үеийн сэтгэл хөдлөл дээр суурилдаг.
Д. Нэгэнт ЭССо хийсэн учраас тухайн санаа танд таалагдаж байгаа эсэхийгээ шийдэх болно.
Та дараах санаанууд дээр ЭССо хийж сэтгэлгээгээ булчинжуулаарай. Бас ямар нэгэн хүн дээр ЭССо хийж туршаарай.
• Насанд хүрсэн хүн бүр жилд нэг долоо хоногийг цагдаагийн байгууллагад зүтгэх хэрэгтэй.
• Зөвхөн хүүхдэд зориулсан телевизийн тусгай суваг байх хэрэгтэй.
• Хотын төвд бүх төрлийн автомашины хөдөлгөөнийг хориглох хэрэгтэй.
• Залуу хүн бүр нэг хөгшин хүнийг асрах үүрэг хүлээх хэрэгтэй.
• Хүмүүс өдөрт 8 цагаар 5 өдөр ажиллахын оронд өдөрт 10 цагаар 4 өдрөөр ажиллаад долоо хоногийн үлдсэн өдрийг амрах хэрэгтэй.
Эдвард Де Боно “Сэтгэлгээний курс CORT”

Эх сурвалж : Яруу сэтгэгч

Харилцааны урлагийн хэрэглээ

Илтгэх урлаг албан хаагчдад бүр ч хэрэгтэй. Хүнээр юм хийлгэх цорын ганц арга байдаг. Энэ бол юм хийх хүслийг нь төрүүлэх явдал.
Хүслийг нь төрүүлэхэд урамшуулж, итгэл хүлээлгэж шагнадаг арга байдаг. Үүний дотроос урамшуулах арга хамгийн их үр дүнтэй. Урам гэдэг ууц хугалахтай дүйж очдогийг албан хаагч бүр санаж явбал зохино.
Байгууллагын ажиллагсадын 90% нь урам хугалсан үгнээс болж гомдолтой сэтгэл дундуур байгаагаа ярьдаг. Чин сэтгэлээсээ цагийг нь олж хэлсэн үг үнэ хөлснөөс ч үнэтэй. Түүнээс гадна уулзалт, зөвлөлгөөн, хурал цуглаан удирдах, баяр ёслолын арга хэмжээ цэнгүүн хөтлөх хүн гаднаас хайж эрэх биш албан хаагч бүр өөрсдөө хөгжөөж хөтөлж чаддаг байх ёстой. Чадах чадахдаа өндөр түвшинд хийж сурсан байвал зохино. Өмгөөлөгчид, хуульчдын өмнөө барих гол зэвсэг бол илтгэх урлаг. Өрнийн шүүхийн уран үг нь илтгэх урлагийн өвөг эцэг нь байсан. Хүнлэг иргэнлэг нигүүлсэнгүй, үлэмж сэтгэлийн үнэн үг, уран яруу үг чухамхүү эндээс л цуурайтаж байх учиртай. Хэрэгтэнд оноосон ялыг нь ухамсарлатал нь хэлж чаддаг хуулийнхнаараа бид бахархах болно.
Ярианы урлаг, харьцааны ухааныг хослуулан эзэмшээгүй хүн бизнесмен биш. Учир нь үг ярианыхаа хүчээр л найдвартай түнштэй байж чадна. Өргөн зах зээлийг нээх эсэх нь таны ярих харьцах хосолмол чадвараас шалтгаална. “Мэргэд гарах орон дээж бичиг”-т илтгэх урлаг бол харьцааны соёл дахь чадварын шүтэн барилдлага бөгөөд яруу сонсголонтой ярих чадварыг эзэмших шинж болно. Харьцааны соёлын усанд үндсийг нь дэвтээгээд эгшмэл газар мэт болгоод ярих чадварын үрийг цацваас илтгэх урлагийг хялбар эзэмшиж болно гэжээ.
Энэ бүгдээс үзэхэд хүн зүтгэл сэтгэл гаргаж байж эзэмшвэл зохих эрдмийн нэг-илтгэх урлаг гарцаагүй мөн. Орчин үед худалдаа, үйлчилгээ нэн өргөжжээ. Үйлчлүүлэгчээ угтан авахаас, үдэн явуулах хүртлэх хугацаа таны амьдрал, хувь заяаг ч шийдэж мэднэ. Ямар ч байсан орлого түншлэлийг чинь лавтай шийднэ. Хүнийг гаднаас нь, харагдах байдлаас нь ялгаварлан хандаж л болохгүй. Авбал ав, байвал бай гэсэн сэтгэлгээ таныг мухарлаад зогсохгүй, бүр хоосруулна.
Хэнийг ч болов баярлан угтаж, баярлуулан үдэж бай.
Ингэж чадваас тэр энэ удаа юу ч аваагүй, юу ч яриагүй ч нэг л өдөр танаас, зөвхөн танаас л худалдан авч зөвхөн тантай түншлэх гэж ирэх нь магад.
Байнгын үйлчлүүлэгч гэдэг байнгын найрсаг харьцаа. Юу үнэн бэ? Энэ үнэн. Нэг үйлчлүүлэгчээ алдсанаас хоёр ажилтанаа халсан нь дээр. Мөн үйлчлүүлэгч сайхан ааштай, ялдам байваас үйлчлэгч барааныхаа үнийг буулгадаг нь хууль. Юу үнэн бэ? Энэ бас үнэн. Хоёулаа ялдам элэгсэг харьцваас авч, өгч буй барааны үнэ цэнэ ёстой юу ч биш.
Мэдлэг
Хүнд ус агаар хэрэгтэйн адил амьдралд мэдлэг хэрэгтэй.
Илтгэл ярианд ингэвэл сайн тэгвэл таарна, ийм л байх ёстой гэсэн тогтсон дүрэм жор байхгүй, байх ч аргагүй юм. Гэвч анхаарал татсан амьд илтгэл яриа нь амьдралд хэрэгжихдээ зүй тогтолт ухагдахуун бүхий нарийн тогтолцоог бий болгодог. Нэгэнт нарийн тогтолцоотой болохын хувьд өөрийн зарчим, түүнд тавигдах шаардлагууд үйлчилдэг.
Илтгэх уран чадварын үндсэн зарчим нь мэдлэг. Мэдлэг бол хүч мөн гэдэг. Хүчтэй илтгэгч өөртөө итгэлтэй болдог. Итгэл олсон илтгэгч хаана ч, хэдийд ч, хэний ч өмнө, ямар ч сэдвээр айх юмгүй илтгэж чаддаг.
Айдас бол мэдлэггүйн үр дагавар. Мэдлэгтэй хүн үг хэлж ярьж илтгэх явдлаа өөрийн баяр баясгалан болгоод зогсохгүй жинхэнэ аз жаргалаа болгож чаддаг. Харин энэ аз жаргал болсон мэдлэгийг хаанаас яаж олж авах вэ? Ямар шаардлага тавигдах вэ? хүн бүр мэдлэгтэй хүчтэй байхыг боддог, хүсдэг. Гэвч хүн бүрийн санаснаар болдоггүй. Яагаад? Яагаад гэвэл … байнга уншдаггүй, мэдэхийг хүсдэггүй, зориулж цаг гаргадаггүй.
Унш – мэд – зориуд цаг гарга
Юуны өмнө мэдлэгтэй болох дараах есөн аргыг эзэмш:
- Сур. Сургалтанд суу
- Сурч мэдсэнээ бие дааж хөгжүүл.
- Унш бас дахин унш.
- Илэрхий харагдах үнэнийг олж мэд.
- Анхаарал мэдрэмжийн туршлагатай байж сур.
- Өөр бусадтай харилцахдаа мэдлэг олж ав.
- Ганцаараа байж бодож, сэтгэж үз.
- Бусдыг сонсож мэдлэгээ нэм.
- Зориуд цаг гарга.
Оюуны далай болсон номтой нөхөрлөх. Хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд номоос өөр юу үлдэж, юу эс үлдсэнийг тооцоход амархан.
Египетийн Пирамид, Хятадын цагаан хэрэм, Энэтхэгийн Таж Махал гээд ертөнцийн гайхамшигууд үлдсэн нь бий. Энэ нь даанч цөөхөн. Долоо гэж хуруу даран тоолдог. Тэгвэл үг, үгийн хүчээр үлдсэн гайхамшигийг тооловч үл барна.
Ашуг хааны байгуулсан Паталипутра хотоос өнөө юу ч үлдсэнгүй. Харин Ашуг хааны хэлсэн үг нь үлдэж өнөөдөр ч хэлэгдсээр байна. Тэгэхээр үг гэдэг нурж унадаггүй, урсаад явчихдаггүй, хуучирдаггүй, гал түймэрт шатаж устдаггүй, харин ч улс үндэснийхээ бахархал болсон үлгэр домог аман зохиол, ая дуу соёл урлагт биежин мөнхөрч, хүмүүний оюуны манлай ном сударт шингэдэг ажээ.
Мэдээллийг нэг уншаад боллоо гэж үзэх нь учир дутагдалтай. Шаардлага хангахгүй. Номыг анх уншихад шинэ танилтай учирдаг. Ахин түүнийг уншихад хуучин нөхөртэйгээ уулзсан мэт болдог.
Хэд дахин уншиж, нягталж, хуучин мэдэх анд нөхөртэйгээ зөвлөлдөж байх шаардлагатай. Ингэх нь өнгөц мэдлэгээс тодорхой мэдлэгт, тодорхой мэдлэгээс гүн мэдлэгт эцэст нь нөөц мэдлэгт шилждэг. Уншихын зэрэгцээ дэргэдээ цаас үзэг бэлэн байлгаж заавал тэмдэглэл хөтлө. Ингэснээр зайлшгүй хэрэгтэй баримт, огноо зэргийг дахин хайх шаардлагагүй болно.
Шинэ мэдлэгээр оюун ухаанаа цэлмээ.
Шинэ мэдлэг нь илтгэгч хүнд зайлшгүй шаардлагатай. Илтгэгч хүн юуны өмнө бие дааж илтгэл мэдээлэл бэлтгэх хэрэгтэй. Эрдэм шинжилгээний бага хурал, төсөл шалгаруулалтын зөвлөгөөн зэрэгт оролцож, бусдыг сонсож, уран уншлага, илтгэлийн тэмцээнд хүчээ үзэх хэрэгтэй. Усанд сэлж сурах гэж байгаа хүн эрэг дээр суугаад байвал хэзээ ч сэлж сурахгүй.
Нүдэндээ илэрхий бүхнийг мэддэг гэж бүү бод. Харсаар байж хардаггүй, сонссоор байж сонсдоггүй, мэдсээр байж мэддэггүйгээ мэд. Харагдах байдалд битгий хуурт. Нар дэлхийг тойрох мэт үзэгдэх атал үнэндээ дэлхий тойрч эргэдэг. Тайван байдалд бүү авт, бүх юм хөдөлгөөний хүчинд оршин тогтнодог. Нүдэнд ил байгаа үнэнийг олохгүй бол далд буйг яахан мэдрэх.
Илэрхий харагдах үнэнийг олж мэд
Бие махбодь нь мэдрэмтгий. Халах, хөрөх, өвдөхөө мэддэг цочромтгой. Оюун ухаанаа ийм л мэдрэмж анхааралтай болго. Анхаарал мэдрэмжийг гөлийлгөж болохгүй. Ухаантай хүн илэрхий байгаа бусдын туршлагаас сурч ухааждаг. Ухаан муутай хүн өнгөрсөн хойноо өөрийн бүтэлгүйгээс санаа авдаг ч туршлагаждаггүй.
Анхаарал мэдрэмжийн туршлагатай байж сур.
Өөр бусдын сайн саар хоёрыг ялгадаг бай. Таних танихгүй хүмүүстэй харилцахдаа юуг мэдэж болох тухай ямагт бод. Сайныг дагавал сарны гэрэл тусдаг. Өөрт байхгүйгээ өрөөлөөс мэдэхийг хичээ. Долоон ямаатай айлд сүү бий доглон өвгөний хар ухаанд эрдэм буй.
Өөр бусадтай харилцаж мэдлэг олж ав.
Мэдсэнээ сайтар тунгаан нягталж бодох хэрэгтэй. Ингэхгүй яагаад тэгэв гэдгийг бод. Сайныг дагавал нарны биш сарны гэрэл гэдгийг бодож үзсэн үү? Чухам юуг авах, гээхээ шийдэж бай. Нэгэнт шийдсэн бол амьдралд хэрэгжүүлж сур. Бөөн, цөөн хүнтэй яриад үз. Хэрхэн хүлээж авч байгаагаар нь өөрийгөө дүгнэж болно. Мэдлэгээ амьдралаар баталгаажуул. Амьдралаар баталгаажсан мэдлэг хэзээ ч мартагддаггүй. Мэдлэгийнхээ хэрээр хүний оюун ухаан боловсордог. Боловсрох тусам хүн улам иргэнлэг-нигүүлсэнгүй сэтгэлтэй болж ихийн ихийг хийж бүтээдэг. Ганцаараа байхдаа төрсөн бодлууд үнэтэй. Эгэл бор бодлуудын цаана олон олон гэрэлт санаанууд бий.
Ганцаараа байж бодож, сэтгэж үз.
Мэдлэгтэй байх нэг гол шаардлага бусдыг сонсох явдал. Сайн сонсож чадах нь сайн ярилцагч болдог төдийгүй сайн мэдлэгтэй гэгддэг. Хэд хэд уншаад ойлгоогүй зүйлээ ганц удаа сонсоод ойлгох явдал ч байдаг. Хүнээс сонсох нь ойлгоогүй зүйлээ лавшруулан газар дээр нь мэдэж болдог давуу талтай. Бусдаас сонсож мэдлэгээ нэм.
Цаг гарга, зориуд цаг гарга
Илтгэгч хүн өөртөө боловсрох цаг өдөр тутам гаргах ёстой.
Өдөрт ядаж 10-15 минут өөрийнхөө мэдлэг боловсролд заавал цаг гарга. 15 минут гэдэг бага хугацаа биш. Сарын дараа 450 минут буюу бүтэн нэг өдрөөр мэдлэгээ дээшлүүлсэн гэсэн үг. Жилд 12 өдөр 100 цаг зарцуулах нь 4 жилд 50 өдөр болно. Энэ нь 2 жил тутам мэдлэг дээшлүүлэх сарын дамжаа төгсөөд байна гэсэн үг.
Тав, зургаа, тавь, жаран насандаа сурах бол юу ч биш. Канадын Торонтогийн их сургуулийг 93 настай өвгөн амжилттай төгсч сэтгэл судлаачийн дипломоо гардан авчээ.
Эрдэм мэдлэг гэдэг нь өндөр уулын оргил мэт, ууланд авирахад бие чармайна. Эрдмийг сурахад ухаан чармайна. Уулын оройд хүрвэл орчин газрын үзэсгэлэнтэй байдал тодорхой харагдана. Үүн лүгээ эрдмийг сурвал хамаг юмны учир сайхан мэдэгдэнэ /Академич Ц.Дамдинсүрэн/
Олж авсан мэдлэг үнэн үү? эргэлзээтэй юу? гэдгийг цаашид гүнзгийрүүлэн мэд. Оюун ухаан нь хөгжсөн илтгэгчийн яриа ямагт товч тод оновчтой байдаг. Энгийн болоод яруу сайхнаар сонсогддог.
Илтгэх урлагийн үе үеийн онолчид мэдлэгтэй байх зарчим шаардлагыг илтгэх урлагийн үндэс болгон тавьж ирсэн. Айдсаас ангижирч итгэлтэй болох зам бол мэдлэг. Эрдэм мэдлэгийнхээ хүчээр гайхамшигийг бүтээсэн алдартнуудыг тоолж баршгүй.

Эх сурвалж : Яруу сэтгэгч

Friday, January 19, 2007

新入社員

一流会社と呼ばれる会社に新入社員として入る人は、どの人も難しい試験をパスして入社しているのだから実力は同じはずだ。しかし何年かたつと大きな差が出てしまう。優秀だったのに目立たなくなってしまったり、またその逆のこともある。これはなぜだろうか。

実力が伸びた人を見ると共通店があるように思われる。仕事ができるできないにかかわらず、自分の考えを分かり安く伝えることができたり、わからないことを素直に聞けたりするということだ。こような人が伸びているように思われる。

皆さん、どういう風に考えていらっしゃますか?


Monday, January 8, 2007

Өнөөдөр

Японд жил бүрийн 1-р сарын 2дахь Даваа гарагт 成人の日 буюу утгачилбал “Насанд хүрсэний баяр”-ын өдөр болдог. Зурагтаар бие даан амьдарч эхлэж буй залуусын тухай хэдэн нэвтрүүлэг, гадаа гудамжинд хаа нэг тааралдах кимоно өмссөн охидоос өөр онцын зүйл ажиглагдсангүй. Миний хувьд шинэ жилийн амралт дээр нэг хоног нэмээд амарчихсан сайхан л байна.
Өнөөдөр нартай дулаахан сайхан өдөр, Ueno оос Аkihabara хүртэл энэ тэрийг бодсон, галуу нугасыг хооллосон шиг жаал алхав. Япон бага газар нутагтай, хүн амын төвлөрөлт, үйлдвэржилт ихтэй ч байгалтайгаа сайхан харьцах юмаа. Аль нэг цэцэрлэг рүү очиход тэндээ ихэвчлэн жижиг цөөрөм, шинто шашны сүмтэй. Цөөрөмд нь тохой урт загас(нэрийг мэдэхгүй), миний мэдэхийн галуу, нугас, хар цагаан хун, цахлай шувуунууд. Тэгээд тэд хүнд бүүр дасчихсан ойртож очиход бүгдээрээ миний хажууд хүрээд ирнэ. Эрэгээр нь 500м,1000м гээд замын уртыг бичсэн тэмдэглээстэй хүн гүйдэг явган хүний зам. Хавар очвол шувуунууд нь бараг л тэр замын хажууд үүрээ засчихсан байна. Би анх энэ бүгдийг, тэр дундаас хун шувуу өндөгөө дарж байхыг хараад ихэд гайхаж билээ. Монгол маань онгон зэрлэг байгалтай гэдэг, тэгвэл яагаад ийм байж болдоггүй юм бол. Намайг багад Оргилд амарч байхдаа уулын буга орж ирэхийг, сүүлд том болж туулын эрэгт хэвтэж байхад тээр тэнд голын дунд нугас дэгдээхэйгээ дагуулаад явж байхыг харсансаас биш хотын төвд хун байна гэж зүүдлээ ч үгүй. Одоо ч уул уурхай, ган зуд гэсээр хөдөөдөө нуургүй, шувуугүй болж байгаа биз дээ.
Цөөрөмийг нэг тойронгоо загас шувуу хооллож явахад хотын хөл хөдөлгөөн, дуу шуугиан, проблем мартагдаад сайхан болдог.
За тэгээд цэцэглэгээс гарч Akihabara ийн Shosen номын дэлгүүр орж ганц хоёр мэргэжлийн ном хальт харж байтал Hacking Idea, Hacking Time, Stress Free гэсэн номнууд нүдэнд туслаа. Миний бодлоор Hacking Idea, Hacking Time хоёр ном нь олон ажил давхар хийдэг, тэгээд тэрэндээ уймарчихдаг хүнд зориулсан, өдрийн хуанлиг онлайнаар яаж хөтлөхийн ашиг, Ганбаа Говь нарын удаа дараа бичээд байгаа Google Calendar энэ тэрийн тухай бичсэн ном байна. Муу ч гэсэн эрийн хугархай, програм зохиогч байж хэрэглээний програм ашиглах заавар аваад яахав, бас олон төсөл дээр зэрэг ажиллаж байгаа биш гэж бодоод Stress Free-г сонгочихлоо. Сүүлийн үед уншигдаж өгдөггүй номнууд авч шатаад байгаа. Энэ удаа яасан бол. За гэдэс ч өлслөө харих юм хуна .

Эхний бичлэг

Өнөөдөр 2007 оны 1 сарын 8 ны өдөр. Блог бичье гэж бодож бодож өнөөдөр нэг нээлээ. Яагаад блог бичих болов оо ?

1. Бичгийн чадвараа дээшлүүлэх

2. Өчигдөр би хэн байв гэдэгээ санах

3. Өрөөлд өөрийгөө таниулах

4.