Wednesday, March 14, 2007

Харилцааны урлагийн хэрэглээ

Илтгэх урлаг албан хаагчдад бүр ч хэрэгтэй. Хүнээр юм хийлгэх цорын ганц арга байдаг. Энэ бол юм хийх хүслийг нь төрүүлэх явдал.
Хүслийг нь төрүүлэхэд урамшуулж, итгэл хүлээлгэж шагнадаг арга байдаг. Үүний дотроос урамшуулах арга хамгийн их үр дүнтэй. Урам гэдэг ууц хугалахтай дүйж очдогийг албан хаагч бүр санаж явбал зохино.
Байгууллагын ажиллагсадын 90% нь урам хугалсан үгнээс болж гомдолтой сэтгэл дундуур байгаагаа ярьдаг. Чин сэтгэлээсээ цагийг нь олж хэлсэн үг үнэ хөлснөөс ч үнэтэй. Түүнээс гадна уулзалт, зөвлөлгөөн, хурал цуглаан удирдах, баяр ёслолын арга хэмжээ цэнгүүн хөтлөх хүн гаднаас хайж эрэх биш албан хаагч бүр өөрсдөө хөгжөөж хөтөлж чаддаг байх ёстой. Чадах чадахдаа өндөр түвшинд хийж сурсан байвал зохино. Өмгөөлөгчид, хуульчдын өмнөө барих гол зэвсэг бол илтгэх урлаг. Өрнийн шүүхийн уран үг нь илтгэх урлагийн өвөг эцэг нь байсан. Хүнлэг иргэнлэг нигүүлсэнгүй, үлэмж сэтгэлийн үнэн үг, уран яруу үг чухамхүү эндээс л цуурайтаж байх учиртай. Хэрэгтэнд оноосон ялыг нь ухамсарлатал нь хэлж чаддаг хуулийнхнаараа бид бахархах болно.
Ярианы урлаг, харьцааны ухааныг хослуулан эзэмшээгүй хүн бизнесмен биш. Учир нь үг ярианыхаа хүчээр л найдвартай түнштэй байж чадна. Өргөн зах зээлийг нээх эсэх нь таны ярих харьцах хосолмол чадвараас шалтгаална. “Мэргэд гарах орон дээж бичиг”-т илтгэх урлаг бол харьцааны соёл дахь чадварын шүтэн барилдлага бөгөөд яруу сонсголонтой ярих чадварыг эзэмших шинж болно. Харьцааны соёлын усанд үндсийг нь дэвтээгээд эгшмэл газар мэт болгоод ярих чадварын үрийг цацваас илтгэх урлагийг хялбар эзэмшиж болно гэжээ.
Энэ бүгдээс үзэхэд хүн зүтгэл сэтгэл гаргаж байж эзэмшвэл зохих эрдмийн нэг-илтгэх урлаг гарцаагүй мөн. Орчин үед худалдаа, үйлчилгээ нэн өргөжжээ. Үйлчлүүлэгчээ угтан авахаас, үдэн явуулах хүртлэх хугацаа таны амьдрал, хувь заяаг ч шийдэж мэднэ. Ямар ч байсан орлого түншлэлийг чинь лавтай шийднэ. Хүнийг гаднаас нь, харагдах байдлаас нь ялгаварлан хандаж л болохгүй. Авбал ав, байвал бай гэсэн сэтгэлгээ таныг мухарлаад зогсохгүй, бүр хоосруулна.
Хэнийг ч болов баярлан угтаж, баярлуулан үдэж бай.
Ингэж чадваас тэр энэ удаа юу ч аваагүй, юу ч яриагүй ч нэг л өдөр танаас, зөвхөн танаас л худалдан авч зөвхөн тантай түншлэх гэж ирэх нь магад.
Байнгын үйлчлүүлэгч гэдэг байнгын найрсаг харьцаа. Юу үнэн бэ? Энэ үнэн. Нэг үйлчлүүлэгчээ алдсанаас хоёр ажилтанаа халсан нь дээр. Мөн үйлчлүүлэгч сайхан ааштай, ялдам байваас үйлчлэгч барааныхаа үнийг буулгадаг нь хууль. Юу үнэн бэ? Энэ бас үнэн. Хоёулаа ялдам элэгсэг харьцваас авч, өгч буй барааны үнэ цэнэ ёстой юу ч биш.
Мэдлэг
Хүнд ус агаар хэрэгтэйн адил амьдралд мэдлэг хэрэгтэй.
Илтгэл ярианд ингэвэл сайн тэгвэл таарна, ийм л байх ёстой гэсэн тогтсон дүрэм жор байхгүй, байх ч аргагүй юм. Гэвч анхаарал татсан амьд илтгэл яриа нь амьдралд хэрэгжихдээ зүй тогтолт ухагдахуун бүхий нарийн тогтолцоог бий болгодог. Нэгэнт нарийн тогтолцоотой болохын хувьд өөрийн зарчим, түүнд тавигдах шаардлагууд үйлчилдэг.
Илтгэх уран чадварын үндсэн зарчим нь мэдлэг. Мэдлэг бол хүч мөн гэдэг. Хүчтэй илтгэгч өөртөө итгэлтэй болдог. Итгэл олсон илтгэгч хаана ч, хэдийд ч, хэний ч өмнө, ямар ч сэдвээр айх юмгүй илтгэж чаддаг.
Айдас бол мэдлэггүйн үр дагавар. Мэдлэгтэй хүн үг хэлж ярьж илтгэх явдлаа өөрийн баяр баясгалан болгоод зогсохгүй жинхэнэ аз жаргалаа болгож чаддаг. Харин энэ аз жаргал болсон мэдлэгийг хаанаас яаж олж авах вэ? Ямар шаардлага тавигдах вэ? хүн бүр мэдлэгтэй хүчтэй байхыг боддог, хүсдэг. Гэвч хүн бүрийн санаснаар болдоггүй. Яагаад? Яагаад гэвэл … байнга уншдаггүй, мэдэхийг хүсдэггүй, зориулж цаг гаргадаггүй.
Унш – мэд – зориуд цаг гарга
Юуны өмнө мэдлэгтэй болох дараах есөн аргыг эзэмш:
- Сур. Сургалтанд суу
- Сурч мэдсэнээ бие дааж хөгжүүл.
- Унш бас дахин унш.
- Илэрхий харагдах үнэнийг олж мэд.
- Анхаарал мэдрэмжийн туршлагатай байж сур.
- Өөр бусадтай харилцахдаа мэдлэг олж ав.
- Ганцаараа байж бодож, сэтгэж үз.
- Бусдыг сонсож мэдлэгээ нэм.
- Зориуд цаг гарга.
Оюуны далай болсон номтой нөхөрлөх. Хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд номоос өөр юу үлдэж, юу эс үлдсэнийг тооцоход амархан.
Египетийн Пирамид, Хятадын цагаан хэрэм, Энэтхэгийн Таж Махал гээд ертөнцийн гайхамшигууд үлдсэн нь бий. Энэ нь даанч цөөхөн. Долоо гэж хуруу даран тоолдог. Тэгвэл үг, үгийн хүчээр үлдсэн гайхамшигийг тооловч үл барна.
Ашуг хааны байгуулсан Паталипутра хотоос өнөө юу ч үлдсэнгүй. Харин Ашуг хааны хэлсэн үг нь үлдэж өнөөдөр ч хэлэгдсээр байна. Тэгэхээр үг гэдэг нурж унадаггүй, урсаад явчихдаггүй, хуучирдаггүй, гал түймэрт шатаж устдаггүй, харин ч улс үндэснийхээ бахархал болсон үлгэр домог аман зохиол, ая дуу соёл урлагт биежин мөнхөрч, хүмүүний оюуны манлай ном сударт шингэдэг ажээ.
Мэдээллийг нэг уншаад боллоо гэж үзэх нь учир дутагдалтай. Шаардлага хангахгүй. Номыг анх уншихад шинэ танилтай учирдаг. Ахин түүнийг уншихад хуучин нөхөртэйгээ уулзсан мэт болдог.
Хэд дахин уншиж, нягталж, хуучин мэдэх анд нөхөртэйгээ зөвлөлдөж байх шаардлагатай. Ингэх нь өнгөц мэдлэгээс тодорхой мэдлэгт, тодорхой мэдлэгээс гүн мэдлэгт эцэст нь нөөц мэдлэгт шилждэг. Уншихын зэрэгцээ дэргэдээ цаас үзэг бэлэн байлгаж заавал тэмдэглэл хөтлө. Ингэснээр зайлшгүй хэрэгтэй баримт, огноо зэргийг дахин хайх шаардлагагүй болно.
Шинэ мэдлэгээр оюун ухаанаа цэлмээ.
Шинэ мэдлэг нь илтгэгч хүнд зайлшгүй шаардлагатай. Илтгэгч хүн юуны өмнө бие дааж илтгэл мэдээлэл бэлтгэх хэрэгтэй. Эрдэм шинжилгээний бага хурал, төсөл шалгаруулалтын зөвлөгөөн зэрэгт оролцож, бусдыг сонсож, уран уншлага, илтгэлийн тэмцээнд хүчээ үзэх хэрэгтэй. Усанд сэлж сурах гэж байгаа хүн эрэг дээр суугаад байвал хэзээ ч сэлж сурахгүй.
Нүдэндээ илэрхий бүхнийг мэддэг гэж бүү бод. Харсаар байж хардаггүй, сонссоор байж сонсдоггүй, мэдсээр байж мэддэггүйгээ мэд. Харагдах байдалд битгий хуурт. Нар дэлхийг тойрох мэт үзэгдэх атал үнэндээ дэлхий тойрч эргэдэг. Тайван байдалд бүү авт, бүх юм хөдөлгөөний хүчинд оршин тогтнодог. Нүдэнд ил байгаа үнэнийг олохгүй бол далд буйг яахан мэдрэх.
Илэрхий харагдах үнэнийг олж мэд
Бие махбодь нь мэдрэмтгий. Халах, хөрөх, өвдөхөө мэддэг цочромтгой. Оюун ухаанаа ийм л мэдрэмж анхааралтай болго. Анхаарал мэдрэмжийг гөлийлгөж болохгүй. Ухаантай хүн илэрхий байгаа бусдын туршлагаас сурч ухааждаг. Ухаан муутай хүн өнгөрсөн хойноо өөрийн бүтэлгүйгээс санаа авдаг ч туршлагаждаггүй.
Анхаарал мэдрэмжийн туршлагатай байж сур.
Өөр бусдын сайн саар хоёрыг ялгадаг бай. Таних танихгүй хүмүүстэй харилцахдаа юуг мэдэж болох тухай ямагт бод. Сайныг дагавал сарны гэрэл тусдаг. Өөрт байхгүйгээ өрөөлөөс мэдэхийг хичээ. Долоон ямаатай айлд сүү бий доглон өвгөний хар ухаанд эрдэм буй.
Өөр бусадтай харилцаж мэдлэг олж ав.
Мэдсэнээ сайтар тунгаан нягталж бодох хэрэгтэй. Ингэхгүй яагаад тэгэв гэдгийг бод. Сайныг дагавал нарны биш сарны гэрэл гэдгийг бодож үзсэн үү? Чухам юуг авах, гээхээ шийдэж бай. Нэгэнт шийдсэн бол амьдралд хэрэгжүүлж сур. Бөөн, цөөн хүнтэй яриад үз. Хэрхэн хүлээж авч байгаагаар нь өөрийгөө дүгнэж болно. Мэдлэгээ амьдралаар баталгаажуул. Амьдралаар баталгаажсан мэдлэг хэзээ ч мартагддаггүй. Мэдлэгийнхээ хэрээр хүний оюун ухаан боловсордог. Боловсрох тусам хүн улам иргэнлэг-нигүүлсэнгүй сэтгэлтэй болж ихийн ихийг хийж бүтээдэг. Ганцаараа байхдаа төрсөн бодлууд үнэтэй. Эгэл бор бодлуудын цаана олон олон гэрэлт санаанууд бий.
Ганцаараа байж бодож, сэтгэж үз.
Мэдлэгтэй байх нэг гол шаардлага бусдыг сонсох явдал. Сайн сонсож чадах нь сайн ярилцагч болдог төдийгүй сайн мэдлэгтэй гэгддэг. Хэд хэд уншаад ойлгоогүй зүйлээ ганц удаа сонсоод ойлгох явдал ч байдаг. Хүнээс сонсох нь ойлгоогүй зүйлээ лавшруулан газар дээр нь мэдэж болдог давуу талтай. Бусдаас сонсож мэдлэгээ нэм.
Цаг гарга, зориуд цаг гарга
Илтгэгч хүн өөртөө боловсрох цаг өдөр тутам гаргах ёстой.
Өдөрт ядаж 10-15 минут өөрийнхөө мэдлэг боловсролд заавал цаг гарга. 15 минут гэдэг бага хугацаа биш. Сарын дараа 450 минут буюу бүтэн нэг өдрөөр мэдлэгээ дээшлүүлсэн гэсэн үг. Жилд 12 өдөр 100 цаг зарцуулах нь 4 жилд 50 өдөр болно. Энэ нь 2 жил тутам мэдлэг дээшлүүлэх сарын дамжаа төгсөөд байна гэсэн үг.
Тав, зургаа, тавь, жаран насандаа сурах бол юу ч биш. Канадын Торонтогийн их сургуулийг 93 настай өвгөн амжилттай төгсч сэтгэл судлаачийн дипломоо гардан авчээ.
Эрдэм мэдлэг гэдэг нь өндөр уулын оргил мэт, ууланд авирахад бие чармайна. Эрдмийг сурахад ухаан чармайна. Уулын оройд хүрвэл орчин газрын үзэсгэлэнтэй байдал тодорхой харагдана. Үүн лүгээ эрдмийг сурвал хамаг юмны учир сайхан мэдэгдэнэ /Академич Ц.Дамдинсүрэн/
Олж авсан мэдлэг үнэн үү? эргэлзээтэй юу? гэдгийг цаашид гүнзгийрүүлэн мэд. Оюун ухаан нь хөгжсөн илтгэгчийн яриа ямагт товч тод оновчтой байдаг. Энгийн болоод яруу сайхнаар сонсогддог.
Илтгэх урлагийн үе үеийн онолчид мэдлэгтэй байх зарчим шаардлагыг илтгэх урлагийн үндэс болгон тавьж ирсэн. Айдсаас ангижирч итгэлтэй болох зам бол мэдлэг. Эрдэм мэдлэгийнхээ хүчээр гайхамшигийг бүтээсэн алдартнуудыг тоолж баршгүй.

Эх сурвалж : Яруу сэтгэгч

3 comments:

Gantulga T. T./T.Т.Гантулга/ said...

Nice, хэрэгтэй хайчилбар байна

Uunee said...

Хэрэгтэй юм аа. Баярлалаа.

XACAP said...

Za u bna ajil torol sain uu
chi ch ter chigeeree yopon zaluu boljee dee comment uldeesend chini bayarlalaa. Chamd amjilt husii