Wednesday, March 14, 2007

ЭССо: Эерэг, Сөрөг, Сонирхолтой /санаанд хандах хандлага/



ЭССо бол бодол санааг нээлттэй болгон ухамсартай жолоодох зорилгоор сэтгэлгээнд хэвшил болгох шаардлагатай арга хэрэгсэл юм. Энэхүү сэтгэлгээний хэрэгсэл нь тухайн санаа танд таалагдаж байгаа эсэхээс хамаарахгүйгээр уг санааны эерэг талыг /Э=Эерэг/, муу талыг /С=Сөрөг/, мөн сонирхолтой талыг /Со=Сонирхолтой/ олох чармайлт гаргахад тусална. Сонирхолтой тал гэдэг нь сайн ч биш муу ч биш гэхдээ авч үзүүштэй талууд юм.
ЭССо бол дэвшигдсэн санаа, санал, зөвлөлгөөг хэлэлцэх арга зам юм. Санааны хариу үйлдэл нь түүнийг таашаах, эс таашаах, дэмжин сайшаах эсвэл шүүмжлэн буруушаах байж болно. Хэн хүнд тухайн санаа таашаагдаж байвал түүний сөрөг талыг олж харахад түвэгтэй, харин санаа таалагдахгүй байвал түүний эерэг талыг олж харахад түвэгтэй байх нь олонтой. Мөн санааны ховорхон сонирхолтой талыг илрүүлэхэд түвэгтэй байдаг.
ЭССо-г зориудын үйл ажиллагаа болгон хэрэглэх нь санаанд сэтгэл хөдлөлгүйгээр хариу үйлдэл үзүүлж, илэрхийлэх боломжийг олгодог. Үүний гол зорилго нь сэтгэл хөдлөлийн хариу үйлдлээс ухамсартайгаар зориудын үйлдэл хийх чадвар руу шилжүүлэх явдал юм.
ЭССо нь хэзээ ч шийдвэр ба үүрэг даалгаврыг хөндөх гэсэн оролдлого хийдэггүй харин аливаа юмыг олон талаас нь авч үзсэний дараагаар хийх хэрэгтэй гэсэн үнэмшлийг бий болгодог.
Энгийн томъёоллоор бол ЭССо ажиллагаа нь нөхцөл байдлыг авч үзэх өргөн боломжийг олгоно. Үүнгүйгээр санаанд өгөх сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл нь түүнд хандах арга замыг улам явцууруулдаг.
Э=Эерэг “Санааны талаарх сайн зүйлс” ямар учраас танд энэ таалагдаж байна вэ?
С=Сөрөг “Санааны талаарх муу зүйлс” ямар учраас танд энэ таалагдахгүй байна вэ?
Со=Сонирхолтой “Санаанд байгаа сонирхолтой талууд”, сайн муугийн алинд ч хамаарахгүй боловч байж болох санаанууд
Энэ санаа надад таалагдаж байна эсвэл санаа таалагдахгүй байна гэж хэлэхийн оронд та ЭССо-г хэрэглэж болно. Та ЭССо-г хэн нэгний дэвшүүлсэн санаа, санал, зөвлөлгөөг хэлэлцэх арга зам болгон хэрэглэж болно.
Жишээ:
Санаа: Автобусны бүх суудлыг аваад хаячих хэрэгтэй.
Э: Автобусанд илүү олон хүн багтах болно.
Сууж буухад амар болно.
Автобусыг үйлдвэрлэх болон засварлахад хялбар болно.
С: Автобус гэнэт тоормослоход зорчигчид давхралдан унах болно.
Настай болоод тахир дутуу хүмүүс ийм автобусанд зорчиход хэцүү байх болно.
Сав тортой зүйл болон хүүхдээ авч явахад хүндрэлтэй болно.
Со: Суудалгүй мөн суудалтай гэсэн хоёр төрлийн автобус байж болохгүй юу?
Ийм автобусаар илүү их ажил хийх юм биш үү?
Автобусанд тохь тухтай байдал бол тийм ч чухал биш.
Бусад жишээ: Цонхыг шилээр биш харин тунгалаг пластикаар хийх хэрэгтэй.
Э: Хагарах нь гайгүй.
Хагарсан үед учруулах аюул нь гайгүй.
С: Пластик нь шилнээс илүү үнэтэй.
Пластик нь маш амархан зурагддаг.
Со: Хэрвээ цонхыг пластикаар хийвэл түүнийг янз бүрийн өнгөөр будаж болно.
Бид шилийг хэрэглээд дасчихсан болохоор шил илүү сайн нь гэж үзэж магадгүй юм.
Дасгал 1: Бүх автомашин шар өнгөтэй байх ёстой гэсэн хууль гаргая.
Энд бүх бүлгүүд ЭССо-г 3-5 минутын хугацаанд гүйцэтгэнэ. Нэг бүлэг өөрсдийн Эерэг талыг нэрлэх ба бусад бүлгүүд үүн дээр нэмэлт хийж болно. Өөр бүлэг Сөрөг талыг нэрлэх ба цааш нь дараагийн бүлэг Сонирхолтой талуудыг нэрлэнэ.
Зөвлөмж:
Э: Шар өнгийн машин шөнө болоод манантай үед сайн харагдах тул замын осол багасна.
Та хүссэн өнгөө гаргах гэж хүлээхгүй болж таны машиныг шууд л будаад өгчихнө.
Автомашин нь зэрэг дэв, зиндаа байдал зэргийг илэрхийлэх тэмдэг болохоосоо илүүгээр тээврийн хэрэгсэл болно.
С: Амьдрал уйтгартай болно.
Будгийн үйлдвэрлэгчид болон сурталчлагчид хүндрэлтэй тулгарна.
Цагдаагийнханд хулгайлагдсан машиныг мөрдөж мөшгихөд хүндрэлтэй болно.
Со: Эзэмшигч болоод бусдад машины өнгө шар байх нь ямар ашигтай бол?
Машиныхаа өнгөнөөс хамаараад хүмүүсийн жолоодлого ялгаатай байдаг болов уу?
Дасгал 2: Хүмүүс тухайн өдрийн санаа сэтгэл ямар байгааг илтгэсэн тэмдэг зүүх ёстой.
Энд бүлэг бүр ЭССо-г бүтнээр хийж гүйцэтгэх бөгөөд гэхдээ тэдний гол зорилго нь багшийн нууцалсан 2 Эерэг тал, 2 Сөрөг тал ба 2 Сонирхолтой талыг бодож олоход оршино. 3-5 минут бэлтгэсний дараа бүлэг бүр нэг нэг Э, С, Со талуудыг санал болгоно. Дараа нь аль ч тал дээр санал нэмэгдэхгүй болсон үед багш өөрт байгаа нууцалсан зүйлсээ задлана.
Нууцлах талууд:
Э: Та ааш зан муутай байгаа хүнээс холуурхан байж чадна.
Хүмүүс ааш зангаа сайн байлгахыг илүү их хичээх болно.
С: Хүмүүс үнэнчээр тэмдгээ зүүхгүй.
Сэтгэлээ сэргээх шаардлагатай, бусад хүмүүсээс сэтгэлийн дэмжлэг авах шаардлагатай хүмүүст сөргөөр нөлөөлнө.
Со: Тэдний нүүрнээс хараад та зарим хүмүүстэй санаа сэтгэлийн талаар нь ярилцаж болно.
Хүмүүс өөрсдийн сэтгэл санааны байдлыг бусдад мэдрүүлэхийг илүүд үздэг болов уу эсвэл нуухыг оролддог болов уу?

Зарчмууд
А. ЭССо бол маш чухал. Яагаад гэвэл түүнгүйгээр та эхлээд харахад муу мэт санагдсан боловч ихээхэн үнэ цэнэтэй санаанаас татгалзаж болзошгүй.
Б. ЭССо-гүйгээр та өөртөө маш их таалагдсан санааны сул талыг олж харахгүй байж магад.
В. ЭССо-г хийх нь тухайн санаа нь сайн муу талуудаараа чухал биш боловч өөр санаанд хөтөлж хүргэж байгаагаараа сонирхолтой гэдгийг харуулж чадна.
Г. ЭССо-гүйгээр асуудлыг шинжлэн үзэх нь санааны үнэ цэнэ дээр биш таны тухайн цаг үеийн сэтгэл хөдлөл дээр суурилдаг.
Д. Нэгэнт ЭССо хийсэн учраас тухайн санаа танд таалагдаж байгаа эсэхийгээ шийдэх болно.
Та дараах санаанууд дээр ЭССо хийж сэтгэлгээгээ булчинжуулаарай. Бас ямар нэгэн хүн дээр ЭССо хийж туршаарай.
• Насанд хүрсэн хүн бүр жилд нэг долоо хоногийг цагдаагийн байгууллагад зүтгэх хэрэгтэй.
• Зөвхөн хүүхдэд зориулсан телевизийн тусгай суваг байх хэрэгтэй.
• Хотын төвд бүх төрлийн автомашины хөдөлгөөнийг хориглох хэрэгтэй.
• Залуу хүн бүр нэг хөгшин хүнийг асрах үүрэг хүлээх хэрэгтэй.
• Хүмүүс өдөрт 8 цагаар 5 өдөр ажиллахын оронд өдөрт 10 цагаар 4 өдрөөр ажиллаад долоо хоногийн үлдсэн өдрийг амрах хэрэгтэй.
Эдвард Де Боно “Сэтгэлгээний курс CORT”

Эх сурвалж : Яруу сэтгэгч

1 comment:

Foreign language said...

Сайн уу, Блогчид болон блог уншидаг хүмүүст зориулсан их гоё Монгол програм гарсан байна лээ. Ийшээ ороод үзээрэй. Завгүй хүмүүст их тохиромжтой эд.

http://gadaadhelblog.blogspot.com/2007/05/blogreader-101.html