Thursday, May 24, 2007

Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна

Их сэтгэгч, үл гүйцэлдэх үзэлтэн Сен Симон өглөө бүр “Эрхэм ноёнтон! Босоорой. Таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна” гэж дуудаж сэрээж байхыг тушааж байсан гэдэг. Энэ нь аугаа их үйл хэрэг бүтээх том зорилт өмнөө тавьсан бүтээлч хүний хар нүд хуулахаасаа эхлээд өөртэйгөө ажиллаж, биеэ эзэмдэн, албадан захирах сэтгэлийн тэнхээгээ хөвчлөн буйн сонгодог жишээ билээ.

Нэгэнт ийм уриа дуудлагатайгаар орноосоо өндийсөн хүн бэрх хатууг чандлан, их үйл хэргийн төлөө оюун ухаан, хүч хөдөлмөрөө чин зоригтойгоор, эргэлт буцалтгүй зориулах нь эргэлзээгүй тодорхой.

Түүний нэг адил Монголын хүүхэд залуусыг аугаа их үйл хэрэг шил шилээ харан шийдлээ хүлээн угтан тосож байгаа. Тэртээ хойно сэтгэлд өгүүлж гүйцэшгүй баясах сайн үйл бүтээхийн тулд өөрийгөө эзэмдэн албадах аргад цуцалтгүй суралцах хэрэгтэй. Биеэ эзэмдэн албадах аргад суралцах анхны алхам нь өөртөө тушааж, түүнээ туйлбартай хэрэгжүүлж сурах хувийн сахилга юм.

Үүнийг зайлшгүй сурах ёстой, заавал хийх ёстой, би эс хийвээс хэн хийхэв гэж зориглон барьж ав. Тэгэхдээ хүмүүсийн хормойноос зүүгдэн, мөрийг нь даган гэлдрэгч биш, өөрөө тэргүүлэгч, шан татагч, ачааны хүндийг үүрэгч байхыг хичээ. Тэгж байж илүү жин дарах амжилтыг олох болно. Залуу хүн “ууж идэхдээ уургын морь шиг, урагшаа гишгэхдээ ургаа хад шиг” байж хэрхэвч таарахгүй.

Сурах, хийх аль алинд нь алгуурлан, азнан хойш тавьж хэрэггүй, шууд барьж аван хийж эхлэх хэрэгтэй. “Хэн эхэлнэв, тэр талыг нь хийчихлээ гэсэн үг” гэж эртний Римийн яруу найрагч Ф.Гораций шүлэглэснийг санаж явахад нэн сургамжтай. Эхэлснээ заавал туйлд нь хүргэж дуусган, үр дүнг нь үздэг байх нь та нарын насан турш хазайлгүй мөрдөх дүрэм. Эхэлснээ дуусгалгүй замын хугаст зогссоноос эхлэхгүй байх нь ч дээр.

Үзэл бодолдоо туйлбартай, үнэнч байж эхэлсэн ажлаа туйлд нь хүргэхийн төлөө хилэнц түйтгэрийг огоорон, амь насаараа дэнчин тавьж, билэг төгөлдөр авьяасаа гайхуулан түүхэнд нэрээ алтан үсгээр бичиж мөнхөлсөн зориг баатарлагийн жишээ захаас аван бий.

Хүүхэд насандаа ерийн биш асуудлуудыг байнга тавьдаг ер бусын сониуч хүү Жордано Бруно идэр насандаа “үнэн хаа байна” гэдэг асуултыг өөртөө тавьж, шинжлэх ухаанд “донтон”, үнэний эрэлд мордсон юм. Бруно өөрийгөө дээд зэргээр эзэмдэн албадаж бие даан боловсрол олоход гол анхаарлаа хандуулан, оюун ухаанаа байнга төгөлдөржүүлж, хол ойрын хүмүүсийг мэдлэгээрээ хачирхуулж, сэтгэгч хүнийхээ хувьд өөрийгөө бий болгосон юм.

Тэрээр, хүн чи байгалийн бүтээгдэхүүн бөгөөд манай дэлхийгээс гадна бусад орчлонт ертөнц байдаг ба амьдрал оюун ухаан байх боломжтой өөр ертөнц ч оршиж болно гэдгийг анхлан зоригтойгоор дуугарсан суут сэтгэгч билээ. Дөрвөн зуу гаруй жилийн тэртээ бурангуй үзэлтнүүд үнэнийг хэлснийх нь төлөөс болгон Ж.Бруног түүдэг гал дээр шатаасан.

Хэдийгээр Ж.Бруног шатаасан боловч түүний нээсэн үнэн хэзээ ч шатаагүйгээр барахгүй хүн төрөлхтний нүдийг нээж, сансарт нэвтрэх замыг засч өгсөн юм. Бруногийн тэрс үзлийг буруутгасан нь сүм хийдийн алдаа байсныг 1979 онд Ромын пап II Ионн Павел өөрөө хүлээж, хүлцэл өчсөн билээ. Үхэвч үнэн ялна гэдэг энэ ажээ.

Хүүхэд, залуус та нар өөрийгөө эзэмдэн албадаж сурахын зэрэгцээ өөрийгөө тэвчин барих аргыг эзэмших шаардлагатай. Юуны өмнө өөрийгөө хязгаарлаж сур. Муу явдалтны өдөөлт ятгалганд бүү авт. Болохгүй, бүтэхгүй үйлд сэтгэл хөдлөлөөр оролцон өөрийгөө сүйтгэхгүйг хичээ. Амьдралд сөгдөж туйлдах үе тохиолдохгүй мэтээр ам гарч, ааг омогтоо дэврэх хэрэггүй.

Хүндрэл бэрхшээл, хатуу бэрх чамайг сөгдүүлж сөхрүүлэх цаг мөч таарч мэднэ. Тэгсэн ч унаад босч чаддаг сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. “Унагаасан нь хүчтэй, өндийн боссон нь бүр илүү хүчтэй” гэж ярьдаг яриа санамсаргүй зүйл бишээ. Зовлон бэрхшээл хүнийг хөл дээр нь босгодог гэдэг. Унах бүрдээ улам чадалтай босож ирж байсан гайхамшигт хүмүүсийн тухай уншиж байсан. Санаанд байгаа нэгнийх нь тухай одоо та нартай хуваалцая.

Нэгэн нэрт түүхч өөрийн бичсэн номынхоо гар эхийг найздаа уншуулахаар өгөв. Анзаарга муутай салан найз нь уул гар эхийг хаа нэгтээ тавиад мартжээ. Хэдэн долоо хоног өнгөрсөн хойно хэвлэлийн газраас гар эхийг нэхэв. Гэтэл найзынх нь үйлчлэгч уг гар эхийг хэрэггүй хуучин цаас бичиг гэж бодоод шатаачихсан байжээ.

Үүнийг сонссон түүхчийн бодол ухаан, сэтгэл дотрыг төсөөлөхөд нэн хүнд. Дахин ширээндээ сууж үзгээ барихаас өөр зам байсангүй. Тэр үед ямар одоогийнх шиг хувилах хэрэгсэл, санах хадгалах ойтой төхөөрөмж байсан биш. Бүр эхнээс нь дахин бичиж эхлэв. Анх туурвиж байхад үзэг нь баяр баясгалан, цог хийморь дагуулан гулсаж байсан бол дахин эхнээс нь бичиж дуусгана гэдэг шаналгаан болоод бухимдлаас өөр юу ч биш байсан гэнэ.

Гэвч тэрээр бэрхийг тэвчиж эцсийг нь хүртэл дахин бичиж, хүндээс хүнд сорилтыг нугаралгүй давсан. Шинээр туурвисан бүтээл нь үнс болон хийссэн эхээсээ илүү чамбай болсонд сэтгэл тэнэгэр урамтай байлаа.

Унаж доройтсон сэтгэл бүтээн туурвих гайхалтай эрч хүчээр сэлбэгдэн тэжээгдэж улам чадалтай босч ирсэн гунигтай мөртлөө сургамжтай тохиолдол энэ билээ. Нэрт түүхчийн бүтээлийн замд хөндөлсөн саад болсон энэхүү учрал заавал хийх хатуу шийдвэр гарган зүтгэвээс зорилтоо хэзээд гүйцэлдүүлж болохыг бидэнд сургаж байна.

Өөрийгөө хязгаарлаж сурахын хамт санаа бодлоосоо татгалзах чадвар эзэмших шаардлагатай. Хорхойг чинь хүргэж, хүслийг чинь дээд зэргээр өдөөж байсан ч хэрэггүй гэж үзвэл татгалзах сэтгэлийн тэнхээтэй бай.

Ашиггүй хий хоосон яриа дэлгэх, зорилгогүй цаг үрэхийг өөртөө хатуу хоригло. “Өдөр бүр нарийн тооцоотой байж, алдагдсан минут бүрээ бодож цэгнэж бай. Бүх хармын дотроос цагт харам байхыг л ганцхан магтаж болох юм” гэж германы зохиолч Томас Манн-ы бичсэнийг цээжилж аваад үе үе эргэн санаж байхад илүүдэхгүй.

Залуу нөхрийн минь амьдрал өнгөрсөн цагийн гутамшиг болон гунигтайгаар өнгөрч хэрхэвч болохгүй. Чиний өнгөрсөн цагийн амьдрал чамайг хүлээж байсан аугаа их үйл хэргийн төлөө зориулагдаж, ирээдүй үеийнхэнд үлгэр жишээ болох ёстой гэсэн итгэл үнэмшилээр утга төгөлдөр амьдрах хэрэгтэй.

No comments: